Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

В.Батчимэг: Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

А.Намуун, iKon.mn
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадам болох гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг "Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүрээ цам даншиг наадмыг 2018 оноос сэргээж Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд уг наадмыг үзэхээр 2,500 жуулчин ирж байлаа. Эдгээр жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй.

Энэ жил коронавирусийн халдвар багассан тул НЗД-ийн зөвлөлөөс 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 36 эвент арга хэмжээний жагсаалт батлагдсаны нэг нь “Даншиг наадам-Хүрээ цам 2022” юм.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5-6 тур-оператор компанийн захиалга баталгаажсан. Өөрөөр хэлбэл уг наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр байна. Хувиараа үүргэвчтэй аялагчид, Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас хүндэт зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даншиг наадмын хөтөлбөрөөс дурдвал:

Наймдугаар сарын 6-нд:

  • Цам харайх ёслолын арга хэмжээ
  • Хүчит 256 бөх барилдана
  • Хязаалан, жороо, соёолон насны морьдын уралдаан болно
  • Морьт харвааны үзүүлбэр
  • Үндэсний сурын харвааны тэмцээн явагдана.

Жуулчдад сонирхолтой байлгах үүднээс хөтөлбөрийг дэлгэрүүлдэг. Тухайлбал залуу лам нар ном хаялцах мэтгэлцээн, балингийн урлалын зэрэг тэмцээнийг зохион байгуулна.

Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан ковидын өмнөх үеийн судалгаагаар нэг жуулчин өдөрт 150 ам.доллар зарцуулдаг бөгөөд 5-7 хонодог байна.

Гэхдээ одоо инфляц өссөн тул арай өөр судалгаа гарах байх. Тийм болохоор аялал жуулчлалын салбар, эвент зарцуулсан төсвөө буцаан олдог тул тодорхой хугацаанд тогтмол хөгжүүлэхээр баримт бичигт төлөвлөж оруулсан" хэмээн мэдээллээ.