Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Итали гангстерын дүрээр дэлхийд танигдсан Америк жүжигчин 83 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

1990 оны гэмт хэргийн сэдэвтэй сонгодог бүтээл “Goodfellas” кинонд гол дүр бүтээсэн Америк жүжигчин Пол Сорвино 83 насандаа таалал төгсжээ.

1970 оноос хойш голдуу гэмт хэрэгтэн, цагдаагийн дүрийг олон дэлгэцийн уран бүтээлд амилуулсан тэрбээр АНУ-ын Индиана муж дахь гэртээ байгалийн жамаар нас барсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Сорвино нь эхнэр, гурван хүүхэдтэй хүн байжээ.

“Пол Сорвино шиг хүн дахин төрөхгүй. Тэр бол миний амьдралын цор ганц хайр, тайз дэлгэцийн аугаа уран бүтээлчдийн нэг байсан юм” гэж жүжигчний гэргий Ди Ди Сорвино эмгэнэлийн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

1939 онд Нью-Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн Сорвино 1970 онд Карл Рейнерийн “Where’s Poppa?” инээдмийн кинонд анхны дүрээ бүтээж байжээ.

1.93 метр өндөр нуруутай тэрбээр голдуу итали гаралтай мафийн боссын дүр бүтээж олонд танигдсан юм. Тухайлбал 1990 онд тэр Мартин Скорсезийн “Goodfellas” кинонд Брүүклиний мафийн босс Пол Варио хэмээх бодит хүний амьдралаас сэдэвлэсэн Пол Сисерогийн дүрийг бүтээж байв.

Сорвино амьдралынхаа туршид нийтдээ 50 гаруй кино, олон арван телевизийн цувралд дүр бүтээжээ. Хамгийн сүүлд тэр 2019 онд Лучианогийн гэмт хэргийн бүлгийн боссын дүрийг бүтээсэн юм.

Сорвиногийн гурван хүүхэд бас эцгийнхээ замналаар урлагийн хүмүүс болжээ. Тэдний хоёр нь жүжигчин, нэг нь зохиолч болсон юм.

Тухайлбал охин Мира Сорвино нь 1996 онд Вүүди Аллены “Mighty Aphrodite” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн байна.

 

Эх сурвалж: BBC