Их Британийн бизнес, эдийн засгийн томоохон хэвлэл Financial Times өчигдрийн дугаартаа Орос-Хятадын хооронд байгуулагдах хийн хоолойн төслийн талаар Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээллийг нийтэлжээ.
Сибирийн хүч 2 нэртэй байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 2024 онд эхэлж, 2030 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг ерөнхий сайд тус сонинд ярьсан байна.
2,600 км урт хоолойгоор дамжуулах байгалийн хийгээс олох транзит тээврийн хураамж, татварын орлого нь цар тахлын улмаас суларсан Монголын эдийн засагт чухал ач холбогдолтойг Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолжээ.
Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон Орос улсын хувьд Хятадын зах зээлд нийлүүлэх эрчим хүчний экспорт амин чухал болоод байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын ярилцлагатай давхцан Европын Холбоо байгалийн хий авах шинэ гэрээг Азербайжан улстай байгуулснаа зарласан юм.
Өчигдөр Европын Холбооны удирдлага Баку хотноо Азербайжанаас импортлох байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор 2027 онд Азербайжаны хийн нийлүүлэлт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, жилд 20 тэрбум шоо метрийг давах юм байна.
“Өнөөдөр бид санамж бичиг байгуулснаар Азербайжан улстай эрчим хүчний салбарын хамтын ажиллагаандаа шинэ хуудас нээж байна. Тус улс нь Оросын эрчим хүчний хараат байдлаас салахад бидэнд туслах чухал түнш юм” гэж Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!