Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурортой цаг товлон биечлэн уулзах боломжтой болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр тус байгууллагын төлөөлөл "Улсын хэмжээнд нийт 39 нэгж прокурорын газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17,860 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын газар өдөрт 10-20 өргөдөл гомдол хүлээн авч, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг.

Прокурорын байгууллагаар эрх ашгаа хамгаалуулахаар хандаж байгаа иргэд сард 1-3 удаа өргөдөл гомдол гаргах тохиолдол байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн иргэн, хуулийн этгээд нь гомдлыг шат шатны прокурорын газарт давж заалдах журмаар гаргадаг. Энэ бүрд тухайн иргэн прокурорын байгууллагад шуудан илгээх эсвэл биеэр очих шаардлага тулгардаг байв.

Иймд иргэдэд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, хялбар болгох үүднээс шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна.

Тухайлбал, прокурорын байгууллага иргэд, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авдаг болж байгаа. Ингэснээр өргөдөл гомдлыг хүлээн авсан тухайн нэгж прокурорын байгууллагаас өргөдөл гаргагчийн и-мэйл хаяг руу хариу тэр дор нь илгээх боломжтой болж байна.

Түүнээс гадна prokuror.mn сайт руу иргэд нэвтэрч тухайн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ чат ботоор дамжуулж мэдээлэх боломжтой.

Мөн бид иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох зорилгоор Дүнжингарав, Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарт Прокурорын нэг цонхны үйлчилгээний төвийг шинээр нээхээр болоод байна.

Уг нэг цонхны үйлчилгээний төвөөр иргэд өргөдөл гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг авч болно.

Мөн прокурортой биечлэн уулзах, цаг товлох боломжтойгоос гадна Эрүүгийн хэргийн төв архив болон түүний салбар архивт хадгалагдаж байгаа шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол зэргийн лавлагаа хуулбар мэдээллийг авч боломжийг бүрдүүлсэн.

Маргааш Дүнжингарав дахь салбарт Прокурорын байгууллагын нэг цэгийн үйлчилгээний нээлт болно" хэмээн мэдээлэв.