Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хүлээн зөвшөөрөв

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Т.Доржханд Сонгуулийн тогтолцоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн хууль тогтоомжийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, одоогийн мөрдөж буй сонгуулийн мажоритар тогтолцоо нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар цэцэд хандсан.

Уг асуудлыг цэц хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4-т “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтын хүрээнд хууль тогтоогч сонгуулийн сонгох, сонгогдох зарчмыг хангасан байдлаар ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар тогтоох бус УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон хуульчлах юм байна.   

УИХ-ын Т.Доржханд "Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу үгүй юу гэдгийг шийдэх түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, цэг тавилаа.

Үүний дүнд нь Монгол Улсад парламентын ардчилал бэхжих суурь тавигдаж байна. Мөн жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай гишүүдтэй парламент өнөөдрөөс эхлээд дуусгавар болж байна. Яагаад гэвэл сонгуулийн тогтолцоонд пропорционал элемент орох нь тов тодорхой боллоо. Ингэснээр Монгол Улс нэг том тойрог болж байна. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон парламентын гишүүн Монгол Улсын хөгжлийн төлөө, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг болно. Хоёрдугаарт, пропорционал тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй.

Хуульч Д.Үүрцайх бид хоёр өнгөрсөн онд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Үр дүнд нь өнөөдрийн Их суудлын хуралдаан боллоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явдгаараа явна. Энэ бол ардчиллыг бэхжүүлэхэд маш чухал зүйл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гурван зүйлийг салгаж ойлгож болохгүй. Нэгдүгээрт, хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу сонгуулийн холимог системийг оруулах. Үүнийг өнөөдөр Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийдлээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Судлаачдын хувьд парламентын гишүүний тоог 150-152 болгох хувилбарыг ярьж байгаа. Гуравдугаарт, парламентын гишүүний тоог нэмэгдүүлсэн тохиолдолд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг асуудал юм" гэв. 

Үндсэн хуулийн цэцийн албан ёсны мэдээлэлд: 

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэсэн байна" гэжээ.