Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нутгаа зорин давхисан монгол морьдын талаар "Гүйгүүл морь" төслийн санаачлагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр монгол адууны онцлогийг харуулсан баримтат кино хийж байгаа талаар тэд хэлэв. Тус баримтат киноны зураг авалтыг 20 гаруй хоног хийсэн бөгөөд морьд 1,000 орчим километр замыг туулж нутагтаа очсон гэдгийг онцолсон юм.
“Монголын эрийн гурван наадам-Их шүтээн” ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн "Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 2020 оноос хойш гүйгүүл морьдын талаарх судалгааг эрчимтэй хийсэн. Ингээд Говь-Алтай аймгийн Шарга суманд зарагдсан хээр морь байгаа талаар сураг дуулж тухайн нутагт очсон. Мөн Өвөрхангай аймгаас нэг хүрэн морийг сонгон авсан юм.
Морьд нутгаа зориод шууд давхих эсэхээс эхлүүлээд баримтат киноны зургийг авахын тулд бодох ажил их байсан. Гэтэл хээр морийг хаа ч тавьсан зүүн тал руугаа өдөрт 30-40 километр газар чөлөөтэй давхисан. Тодруулбал, гурван хоногийн хугацаанд нийт 180 орчим километр газрыг туулсан байна. Ингээд тавдугаар сарын 25-ны өдөр хоёр мориныхоо хазаарыг нь аваад зураг авалтыг эхлүүлсэн. Нутгаа зорин явж байсан адууг яг дэргэдээс нь харж байсан хүний хувьд огшихгүй байхын аргагүй юм билээ" гэв.
Мөн тэрбээр "Хээр морь маань 15 хоног яваад нутагтаа очсон. Гайхалтай нь адуу нутагтаа очоод тайвшралын дээдийг мэдэрдэг юм байна. Тухайн үед эзэндээ сул баригдаж байгаа агшныг дэргэдээс нь харсан. Нутгаа зорьдог монгол адууны шинж чанар дэлхийн ямар ч адуунд байхгүй. Түүнчлэн Гал хүрэн морь ч ямар нэгэн саадгүй нутагтаа очсон. Бид төслийн хүрээнд зураг авалтыг хийхдээ хоёр моринд GPS суурилуулсан.
Хээр морь 926 километр газар, хүрэн морь нь 1,236 километр замыг туулж нутагтаа очсон байгаа юм. Адуу нутаг руугаа давхих талаар монголчууд мэддэг. Гэтэл гадаадын орнуудад ийм зүйл огт байдаггүй. Тиймээс ч Монгол адуу бол байгалийн бүтээл. Нөгөөдүүл нь хүний гарын оролцоотой, дандаа генийн өөрчлөлттэй бүтээгдсэн адуу. Тийм учраас гадаадад морь нутаг руугаа давхих тухай ойлголт байхгүй" гэлээ.
Бид баримтат киноныхоо зураг авалтын үеэр морьдод ямар нэр өгөх тухай бодсон. Улмаар Дэлхийн морьтнууд цахим хуудсаар дамжуулан монголчуудынхаа дунд санал асуулга явуулсан байдаг. Ингээд хээр моринд Голомт, сартай хүрэн моринд Гал хүрэн гэдэг нэрийг өгсөн гэдгийг хэлэв.
“Биг блью фловер” аяллын компанийн захирал Д.Цэцгээ "Дэлхийд ямар ч адуунаас илүү онцлог Монгол адуунд байдаг. Өөрийн төрж өссөн нутаг орон руугаа хэчнээн километр ч хамаагүй давхиж чаддаг. Энэ чадварыг баримтжуулан авч үлдэхийн тулд олон улсын болон дотоодын телевизийн кино контент, баримтат нэвтрүүлэг бүтээнэ. Үүнийг дэлхий дахинд гаргах зорилготойгоор Монгол морины гайхамшиг гэх төслийг эхлүүлсэн" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!