Мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталсан тухай шийдвэрийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Тэрбээр "Хүнсний зориулалтаар мах бэлтгэхээс өмнөх үеийн малын эрүүл мэндээс эхлээд худалдаалах хүртэлх бүх шат дамжлагын стандартыг нэгдсэн байдлаар зохицуулсан. Ингэснээр чанарын удирдлагын тогтолцоог нэлээд урагш ахиулсан гэж үзэж болно. Цаашид монгол хүний хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн бүгд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн баталгаатай болж, задгай худалдаа ч байхгүй болно. "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар мөрдүүлнэ" гэсэн юм.
Малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудтай.
Мөн ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарч байна.
Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!