Засгийн газрын ээлжит хуралдаанаар лабораториудыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх талаар онцолсон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Тэр утгаараа өнөөдөр лабораторийн асуудал тулгамдсан асуудал болоод байна.
Засгийн газрын хуралдаанаар лабораториудыг үндэсний хэмжээнд нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхийг хэлсэн. Тэгэхгүй бол төрийн байгууллагын лабораториуд байна, хувийн байгууллагын сайн сайн лабораториуд байна.
Эмээлтийн махны үйлдвэрийн жишээн дээр гэхэд махны дээжээс төрийн байгууллагуудын лаборатори шинжлээгүй, хувийн "САМО" гэх лабораторийн төв шинжилсэн. Тухайн лабораторийн тавьсан стандартын дагуу шинжлүүлээд, хариуг нь хүлээж байгаад иргэдэд мэдээлсэн.
Төрийнх гэвэл Мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэд нэг, мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх хоёр, Гаалийн ерөнхий газрын дэргэд лабораториуд бий. Эдгээр лабораториудын хүчин чадал нь өөр өөр. Иймд Засгийн газар онцгой анхаарч лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлье, үндэсний нэг том лабораторитой болох хэрэгтэй гэж байгаа юм. Хувийн лабораториуд зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явна.
Хамгийн гол нь хувийнх ч бай улсынх ч бай нэг мэдээллийн системтэй байх ёстой. Лабораторийн дүн шинжилгээ хараат бус байх ёстой ба хэрэглэгчийн боловсрол, мэдээллээр хангах суваг нээлттэй байх хэрэгтэй юм. Мөн ААН-үүдийн өөрсдийнх нь дотоод хяналт шалгалт ч чанга, төрийн байгууллагын хяналт шалгалт чанга байх ёстой. Эдгээрийг нэгдсэн цогц болгож, хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!