"Оршин суугч СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлж, төлбөрийг барагдуулах эрхтэй"
Оршин суугчид болон Сууц Өмчлөгчдийн Холбоо /СӨХ/-ны хооронд багагүй маргаан дэгдээж, асуудал үүсгэдэг зүйлийн нэг нь төлбөрийн асуудал байдаг.
Зарим орон сууцны орцны үүдэнд урт хугацаанд төлбөрөө төлөөгүй айлуудын хаягийг үнийн дүнтэй нь бичиж наасан байх нь бий.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, хэчнээн өрх СӨХ-ны төлбөрийн өртэй байгаа талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд 1,600 орчим СӨХ бий. Үүнээс 905 нь манай холбоонд бүртгэлтэй байдаг. Тиймээс улсын хэмжээний СӨХ-ны төлбөрийн талаарх нарийн судалгаа, тоон мэдээлэл бидэнд байхгүй.
Харин 2021 оны байдлаар манайд бүртгэлтэй 905 СӨХ-ны айлуудын 40 хувь нь төлбөрөө төлөөгүй зургаан сар болчихсон буюу "найдваргүй авлага" гэсэн төлөвт байсан. Иймд тухайн үед Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс Авлага барагдуулах алба байгуулан айл өрхүүдэд үүссэн төлбөрийг эрчимтэй төлүүлсэн.
Харин 2022 он гарснаас хойш хэчнээн өрх төлбөрөө төлөөгүй байгаа тухай судалгааг одоогоор авч амжаагүй байна.
Ер нь СӨХ-ны ажиллагаанаас шалтгаалан авлага нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 60-70 хувь нь төлөөгүй, алдагдалд орчихсон СӨХ байдаг бол 1-2 айл нь л өгөөгүй буюу үйл ажиллагаа нь хэвийн, жигд ажилладаг СӨХ ч бий.
Хэрэв оршин суугч буюу тухайн айл өрх нь төлбөрөө зургаагаас дээш сар төлөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөрөө барагдуулах эрх нь СӨХ-дод нээлттэй байдаг.
Мөн судалгаагаар хотхоны хэмжээний СӨХ-д авлага тэр бүр үүсээгүй ихэвчлэн хуучин орон сууцны айл өрхүүдэд авлага үүссэн нь их байсан" гэсэн юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд сууц өмчлөгчдийн холбооны талаар:
- 5.1.Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно.
- 5.2.Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.
- 5.3.Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна.
- 5.4.Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно.
- 5.5.Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банканд харилцах данстай байна.
- 5.6.Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.
- 5.7.Хуульд өөрөөр заагаагүй бол холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй.
- 5.8.Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй хэмээн заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
