Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1,500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тавдугаар сарын 29-нд тохиодог.
2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-нийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт болохыг онцолдог билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!