Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллав.
Энэ үеэр Шадар сайдаас Улаанбаатар хотод Дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөлтэй холбоотой асуудлаар тодрууллаа.
- Та 2016 онд "Оюуны Ундраа" группийн захирал байхдаа Зайсан Хилл, Зайсан Скуэр цогцолбор төслийнхөө нэгээр хэрэгжүүлэхээр Cable car буюу дүүжин тээврийг олон нийтэд танилцуулж байсан. Тухайн төсөл нь одоо нийслэлийн хэрэгжүүлж байгаа дүүжин тээврийн төслөөс юугаараа ялгаатай вэ. Эхний төсөл нь тухайн үед яагаад хэрэгжээгүй талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Тухайн үед яригдаж байсан хувийн компанийн төсөл болон одоогийн нийслэлийн төсөл хоёрын хооронд ямар ч уялдаа, хамаарал байхгүй. Энэ бол зөвхөн Cable car-ийн асуудал биш. Cable car бол нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон цогц шийдлүүдийн нэг.
Тухайн үед би LRT буюу хөнгөн галт тэрэгний урьдчилсан ТЭЗҮ-ийг хийгээд дараагийн дарга нарт гардуулж өгч байсан.
Мөн агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт багатай, хөрөнгө оруулалт харьцангуй бага шаарддаг. Дээрээс нь ашиглалтад оруулах хугацаа нь ч бага учраас Францын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг УИХ, Засгийн газраар оруулан шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Дүүжин тээврийн төслийн төсөв хөрөнгийг Сангийн яам хариуцаж байгаа бол төслийг хэрэгжүүлэх байгууллага нь нийслэл. Энэ төсөл цааш хэрэгжээд явах ёстой гэж үзэж байгаа.
Харин хэзээ, хэрхэн ашиглалтад оруулахыг одоогийн нийслэлийн удирдлагууд хариуцан ажиллаж байгаа.
- "Оюуны Ундраа" группийн хэрэгжүүлэхээр зарласан буюу өмнөх төсөл нь зогссон юм байна. Зөв үү?
- Угаасаа тийм төсөл эхлээгүй.
- Тэгвэл тухайн үед Cable car төслийг хэрэгжүүлэхээр Австрийн компанитай гарын үсэг зураг үеэрээ Та 50 ширхэг кабин оруулсан тухайгаа МОНЦАМЭ агентлагт ярьсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
- Тийм кабин оруулж ирсэн тухай асуудал байхгүй. Энэ хоёр төсөл тусдаа бөгөөд хоорондоо ямар ч хамааралгүй асуудлууд.
Гэхдээ өмнөх төсөл болон одоогийн төсөл хоёрын аль аль нь л Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийгмийн хариуцлагын хүрээний төслүүд гэж ярьж байсан учраас иргэд андуурч байгаа асуудал гарч байх шиг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!