Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Өрхийн эмнэлгийн бичиг цаасны бөөгнөрөл, нийгмийн асуудлын дэмжлэг хязгаарлагдмал байдгаас ажиллах эмч олдохгүй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдсэн ч ажиллах эмч олдохгүй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа “Бид 21 дүгээр зуунд өрхийн эмчгүй болох вий гэсэн асуудлыг хөндөж байна. Одоогийн байдлаар Өрхийн Эрүүл Мэндийн Төв /ӨЭМТ/-үүдэд нийт 2,000 гаруй орон тоо дутуу байна.

Өнөөдөр салбарын хэмжээнд яагаад эмч сувилагч, мэргэжилтнүүд хомсдож буй талаар төр засаг ямар бодлого баримтлах нь асуудал болоод байгаа юм.

Улсын хэмжээнд хувийн болон улсын олон сургууль эмч, сувилагч бэлтгэдэг. Гэтэл жил бүрийн төгсөгчид хаана ажиллаад байгаа вэ, яагаад өрхийн эмнэлэгт ажиллахгүй байгаа тухайд хийсэн судалгаа байдаг эсэхийг асуумаар байна.

Хэдийгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг энэ жилээс нэмсэн ч тэнд ажиллах эмч олдохгүй байна.

Мөн тэнд ажиллаж байгаа нийт эмч нарын 21 хувь нь 0-1 жил л ажиллаж байгаа туршлагатай бол 26 хувь нь 0-3 жил ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлэгт ажиллаж буй нийт эмч нарын 50 хувь нь дээд тал нь гурван жил ажиллаж байна.

Дөнгөж сургууль төгссөн эмч нарын тоог харвал нийт эмч нарын 35 хувийг эзэлж байгаа. Гэтэл эргээд иргэдээс ирж байгаа дийлэнх гомдол нь өрхийн эмч нар байнга солигдож байна, мэдлэг чадвар нь хангалтгүй байгаа тухай байдаг. Жилд өрхийн эмчийн 35-40 хувь нь солигдож байгааг анхаарах ёстой.

Эмч нар өрхийн эмнэлэгт ажиллаж байгаагаараа мэдлэг чадваргүй байгаа юм биш харин тухайн эмчийг төгсгөж байгаа сургуулийнх нь чадавх хэр вэ гэдгийг яах аргагүй эргэж бодолцох цаг болсон. Эмч бэлтгэж байгаа хувийн сургууль тухайн хүүхдийг яг хүн эмчлэх төдий, хүний амь аврах чадвартай төгсгөж байна уу гэдэг нь өөрөө асуудал.

Нийт 2.4 сая хүнд тулж үйлчилж байгаа эрүүл мэндийн ажилтны чадавхыг сайжруулах нь маш чухал. ӨЭМТ-ийн эмч нарын чадавхжуулах, яг өрхийн эмчээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг олон болгох шаардлага манайд зайлшгүй үүссэн.

"Анхан шатныхаа эмч нарыг чадавхжуулж байж бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулж чадна"

Төр засаг эрүүл мэндийн анхан шат дээр ажиллаж буй эмч нар дээрээ тусгай бодлого, хөтөлбөр боловсруулахыг хүсэж байна.

Өрхийн эмч нар байнга солигдож, чадваргүй байна гэдэг нь өрхийн эмнэлгээс нь болоод байгаа юм биш, төр засгийн эмч нараа бэлтгэх тогтолцоо нь өөрөө буруу байгаа юм. Анхан шатныхаа эмч нарыг илүү чадавхжуулж чадвал төр засгийн бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулна гэсэн бодлого нь хүртээмжтэй болно.

Үнэндээ 14 хүн ажиллах ёстой газар долоохон хүн ажиллаж байгаа нь тухайн эмчийг айл өрхүүдээрээ явж, иргэддээ хүрч ажиллах боломжийг хумсалж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын ажлын бараг 60-аас дээш хувийг өрхийн эмч нугалж байгаа учраас тусгай бодлого зайлшгүй хэрэгтэй” гэлээ.

"Өрхийн эмнэлэг дээр хэт их бичиг, цаасны ажил овоордгоос болж залуу эмч нар тэнд ажиллахаас шантардаг"

Үргэлжлүүлэн “Манай улс цахим үндэстэн болно гээд байдаг ч өрхийн эмнэлгүүд одоог хүртэл цааснаасаа салж чадаагүй байгааг анхаарах ёстой. Цахим болгоно гэж янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч тэр бодлого, шийдвэр нь бодит амьдрал дээр зөрчигдөж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, жилд нэг л хүүхдийн карт бэлдэхэд 360 хуудас цаас бэлдэж байна. Энэ их цаасны ажлаас болж өрхийн эмнэлэгт ажиллаж буй залуу эмч нар шантардаг.

Өрхийн эмчийг цаас, мэдээ тайланд биш хүн рүү нь илүү чиглүүлсэн үйл ажиллагаанд бодлого шийдвэр гаргахыг хүсэж байна” гэлээ6

"ӨЭМТ-ийн ажилтнуудын нийгмийн асуудлын дэмжлэг хязгаарлагдмал учраас ажиллах сонирхолгүй байдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны УЗ-ийн Нарийн бичиг Ж.Алтантуул хэд хэдэн тулгамдаж буй асуудлаа хэллээ.

Тэрбээр "ӨЭМТ-ийн ажилтнуудын нийгмийн асуудал салбараас дандаа гадна үлдэж байгааг анхаарах ёстой.

Тухайлбал, ипотекийн зээлийн квот нь ӨЭМТ-ийн ажилтнуудад ногдохгүй, ногдвол ганц, хоёр л орж ирдэг. Үүнээс өөр бусад нийгмийн асуудлынх нь дэмжлэг нэлээд хязгаарлагдмал байдаг учраас залуу боловсон хүчингүүд өрхийн эмчээр ажиллах дур сонирхолгүй байдаг.

"Өрхийн эмнэлгийн байр жижигхэн учраас иргэд болон ажиллаж буй эмч нар багтдаггүй"

Мөн 2012 оноос хойш хороо, ӨЭМТ, цагдаагийн байр зэрэг цогцолбор байрууд баригдсан. Ийм цогцолбор байрын хоёр давхарт нь ӨЭМТ-үүд байрладаг. Бидний үйл ажиллагаа явуулдаг талбай тухайн өрхийн хүн амаас үл шалтгаалж 105 ам метр л байдаг.

Гэтэл олон хүнд үйлчилдэг зарим өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч нар болон үйлчлүүлж буй иргэд багтахгүй, бөөгнөрөл үүсдэг.

ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагааны стандарт 2017 онд батлагдсан ч ажиллах байрны маань стандартад өөрчлөлт ороогүй байгааг бодлого боловсруулагч нар анхаарах шаардлагатай.

Ажилчид болон иргэд тухайн байрандаа багтахгүй байна.

"Дээд шатны байгууллагын хөрсөн дээр хэрэгжихэд хүндрэлтэй шийдвэрүүд иргэдэд чирэгдэл үүсгэдэг"

Түүнээс гадна, дээд шатны байгууллагаас ирж буй тушаал шийдвэр хөрсөн дээр хэрэгжихэд хүндрэл учруулдаг. Энэ нь эргээд үйлчлүүлж буй иргэдэд чирэгдэл үүсгэдэг.

Хамгийн сүүлд л гэхэд, 13А маягт буюу өвчтөнөө илгээх журамд өөрчлөлт орсноор иргэдийн бухимдал бидэн рүү чиглэгдэж байна. Иргэд хувийн ч бай, хувьсгалын ч бай бүх лавлагаа шатлал руу илгээж буй 13А маягтыг зөвхөн өрхийн эмч өгдөг гэж ойлгож бухимдаж байна.

"Ажлын цагаар хийдэг цахим сургалтууд нь тухайн эмчийн хийж буй ажлыг ч үр дүнгүй болгож байна"

Мөн ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалт их явдаг ч бодит байдал дээр үр дүнгүй байгаа.

Учир нь эмч нарыг 2-3-аар нь сургалтад аваад явахаар ард нь иргэд эмч цөөхөн байна гэж бухимддаг. Эсвэл яг ажлын цагаар сургалтад ор цахим сургалтад заавал ор гэдэг нь тухайн эмчид хүнээ үзэх үү, сургалтад суух уу гэсэн хүндрэлтэй байдал үүсгэдэг. Энэ нь эргээд сургалтыг ч, хүнд үйлчилж буй ажлыг ч үр дүнгүй болгож байна” гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав