Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

VAPE: Зөвхөн насанд хүрэгчдэд худалдаална

ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хуулийн зохицуулалт байхгүй учраас  электрон тамхийг Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчид хэрэглэх болсон нь нийгэмд шүүмжлэл дагуулах болсон. Тиймдээ ч Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэрэг заалтыг нэмэхээр яригдаж буй. Тэгвэл Вэйп хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2022.05.16/ дээрх асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийв.

Тодруулбал, тэдний зүгээс электрон тамхи худалдан борлуулдаг цэгүүд иргэний үнэмлэх шалгаж худалдаалах, ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиус дотор байгаа дэлгүүрүүдэд электрон тамхийг цаашид нийлүүлэхгүй байх, мөн энэхүү дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүнээ нэг сарын хугацаанд шат дараатайгаар буцаах зэрэг арга хэмжээ авч буйг мэдэгдлээ.

Вэйп хэрэглэгчдийн холбооны Олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир:

-Цахилгаан тамхи нь зөвхөн насанд хүрсэн хүнд зориулсан бүтээгдэхүүн гэдгийг онцолмоор байна. Тиймдээ ч иргэний үнэмлэхийг шалгаж цахилгаан тамхи худалдах нь олон улсын жишиг бөгөөд ирээдүй хойч болсон хүүхдүүдээ хамгаалах хамгийн зөв алхмын нэг юм. 161  улсад электрон тамхийг худалдаалж байгаа бөгөөд үүнээс 100 гаруй нь электрон тамхины зохицуулалтыг  хуульд тусгажээ. УИХ-ын байнгын хорооны гишүүд электрон тамхины талаар мэдээлэл муутай гэдэг нь ярьж байгаа зүйлээс нь харагдаж байна лээ. Тэд электрон тамхи импортлогч компаниудыг татвар төлдөггүй,  хил гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлж ирдэг гэж ярьсан.

Монгол Улсад электрон тамхийг оруулж ирдэг таван компани бий. 2021 он хүртэл хувь хүмүүс хил гаалиар татваргүй оруулж ирдэг байсан. 2021 оноос эхлэн албан ёсоор “Цахилгаан тамхи” нэршлийн дор 5-6 компани гаалийн 5, НӨАТ-н 10 хувийн татваруудыг хууль ёсны дагуу төлж эхэлсэн.

Электрон тамхийг албан ёсоор оруулж ирэхдээ олон улсын чанарын сертификатууд, шингэнд агуулагдах тестүүд, холбогдох бичиг баримтуудыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт танилцуулж зөвшөөрөл авдаг. Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид никотин, бохь, хүнд металийн агууламж тодорхойлуулах шинжилгээнд хүртэл оруулдаг. Никотины агууламж зохих журмын дагуу байсан бөгөөд харин бохь байхгүй байсан.

Хүнд металийн агууламжийн тестийг хийх боломжгүй гэсэн хариу ирсэн учраас  бидний зүгээс гадаад руу олон улсын стандартын дагуу шинжилгээ хийдэг итгэмжлэгдсэн лабораторид хүнд металийн агууламжийг тодруулсан. Ингэхэд  янжуур тамхинд электрон тамхинд агуулагдах хүнд металийн тоо электрон тамхины хувьд 10-20 дахин бага бөгөөд янжуур тамхинд агуулагдах ихэнх хүнд металууд цахилгаан тамхинд агуулагдаагүй байна. Янжуур тамхи болон электрон тамхи хоёрт никотин агуулсан ч электрон тамхи нь никотины хэмжээг тухайн хүн хүссэнээрээ бууруулан хэрэглэх боломжтой.

Олон улсад никотины хэмжээг үе шаттай  бууруулснаар хүний бие аажмаар никотины хамаарлаас гарах боломжтой гэж үздэг. Энэ ташрамд дурдахад, 2022 оны есдүгээр сараас эхлэн бид никотингүй под худалдаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцлов.

10 хүн тутмын найм нь тамхинаас гарах бодол тээдэг

зураг
 

Нэмэлт мэдээлэл дурдахад, дэлхийд тамхи татдаг 10 хүн тутмын найм нь тамхинаас гарах  бодол тээдэг бөгөөд жилд дор хаяж нэг  удаа тамхинаас гарах гэж оролдсон судалгаа байдаг аж. Тамхинаас гарах хүсэлтэй 360 гаруй сая хүн электрон тамхийг хэрэглэдэг. Мөн дэлхий даяар цахилгаан тамхийг 161 улсад худалдаж байгаа ба үүнээс 100 гаруй улс нь хуульдаа оруулж зөвшөөрсөн байна.

Электрон тамхи хуулиараа зөвшөөрсөн 100 гаруй улсын 50 улсад хууль хараахан батлагдаагүй, 32 улс хориглосон байна. Тэдгээр улсууд нь лалын шашинтай 14 улс нь архи тамхи цахилгаан тамхи аль алиныг хууль болон шашнаар хориглосон байдаг гэнэ.

Өндөр хөгжилтэй орны судалгаанаас харахад Англи болон Шинэ Зеланд утаат тамхины эсрэг хамгийн эрчимтэй тэмцэж байгаа газрууд бөгөөд нэг хайрцаг утаат тамхинд хамгийн өндөр татварыг тавьдаг. Харин электрон тамхин дээр татвар тавьдаггүй. Европын холбооны улсууд цахилгаан тамхинд 10-20 дахин бага татвар ногдуулсан байдаг. Хөрш орнуудын цахилгаан тамхинд 2-4 дахин бага татвар тавьсан байна. Утаат тамхитай адилтгаж татвар тавьсан нэг ч улс дэлхий дээр байхгүй. Өнөөдрийн байдлаар янжуур тамхины хэрэглээ Монгол улсад огт буураагүй байгаа мэдээлэл дээр 2020 онд 2.5 тэрбум ширхэг, 2021 онд 3.7 тэрбум ширхэг янжуур тамхи импортлогдсон байна. Монгол улсад нэг  хайрцаг янжуур тамхинд ногдох татвар 840 төгрөг  байдаг. Энэ нь бусад 193 улсаас хамгийн бага татвар авч байгаад тооцогдоно. Ядуу буурай болон хөгжиж буй орнуудын жишиг нэг хайрцаг тамхинд 2000-2500 төгрөгийн татвар ногдуулдаг байна.

зураг
 

 

Эх сурвалж: time.mn