Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас (УБЕГ)-аа мэдээлэл хийх үеэр мэдээллийн сангийн аюулгүй байдлын талаар Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Бусдын нэр, регистрийн дугаарыг ашиглаад виз мэдүүлж гадагшаа явсан асуудлууд иргэдийн дундаас гарч байна. Үүнд тайлбар өгнө үү?
- УБЕГ-ын цахим мэдээллийн сан 2008 оноос эхлээд бүрдсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар өөр хүний нэр дээр бичиг баримт гаргуулах асуудал таслан зогсоогдсон. Одоо ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Харин регистрийн дугаар өөрчлөгдөх боломж байгаа. Шүүхийн шийдвэрээр нас тогтоосон бол, тухайн хүн төрсөн он сараа буруу мэдээлсэн байсан бол регистрийн дугаарыг өөрчилж болдог.
Тэр утгаараа иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд түлхүү оруулъя гэж үзэж байгаа. Хэзээ ч өөрчлөгддөггүй, давтагддаггүй, шинээр олгогддоггүй энэ дугаарыг ашиглая гээд хуулийн төслийг өргөн бариад, батлагдах шатанд явж байгааг хэлье.
- Цахим сангийн аюулгүй байдал хэр баталгаатай вэ?
- Системийн аюулгүй байдал Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд систем найдвартай. Манай мэдээллийн систем интернэт орчинд байдаггүй. Тусгай сүлжээгээр явдаг тул гаднаас ямар нэгэн байдлаар халдах боломжгүй. Тэгэхээр мэдээллийг гаднаас өөрчлөх асуудал байхгүй.
Улсын бүртгэгч л улсын бүртгэлийн мэдээллийн сан руу дүрэм журмын дагуу нэвтрэх эрхтэй. Гэхдээ тухайн иргэнтэй холбоотой албаны чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс л нэвтэрнэ. Тэгэхгүй дураараа тухайн хүний бүртгэлийн мэдээлэл рүү нэвтрэх, задруулах нь хуулиар хориотой. Дээрээс нь манайд хэн, ямар хүний мэдээлэл рүү орсон түүх хадгалагддаг учраас аюулгүй байдал хангагдсан.
- Хүчингүй болгосон мэдээллийг сангаас устах уу?
- Гэрлэлт хууль бус, эсвэл зөрчилтэй тохиолдолд хяналтын улсын байцаагч хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд хүчингүй болгодог. Хүчингүй болголоо гээд тухайн хүний мэдээлэл цахим мэдээллийн сангаас устахгүй ба зүгээр тэмдэглэгээ хийгддэг. Ямар нэгэн мэдээллийг устгах гэдэг асуудал УБЕГ-ын цахим мэдээллийн сангийн хэмжээнд байхгүй. Insert (оруулах) болон edit (засварлах) хийж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!