Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол чөлөөт зах зээл, ардчиллаа дагах уу, Орос, Хятадыг дагах уу гэдэг шийдвэрээ гаргаж чадахгүй бол 1937 он болох гээд байна"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Монголын Банкны холбооноос зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг эшлэл болгон хүргэж байна. 

"Монголчууд эх орны дайнд Оросыг дэмжиж оролцож байсан учраас тэр үе шигээ санаад байх шиг байна. Украины дайн бол эх орны дайнтай ижил юм огт байхгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү:

  • Дэлхийн дэг журмыг эвдэх оролдлого явагдаж байна. Орос бол Петер I хаанаасаа эхлээд нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байсан. Их Британи, Испани мөн нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байсан ч энэ түүх XX зуундаа дууссан байсан. Гэвч 1922 оноос хойших ОХУ-ын удирдагч нарын геополитикийн амбиц нь улс орны нөхцөл байдлаа хүндрүүлж ирсэн.
  • В.Путин Геополитикийн эцсийн зорилгоо 2007 оны аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохдоо "ЗХУ-ын задрал Оросын түүхэн дэх эмгэнэлт явдал" байсан гэдэг үгээр илэрхийлсэн. ЗХУ-ыг эргүүлж нэгтгэхэд учирч байсан том саад нь Украин учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.
  • 2022 он олон улсын харилцааны түүхийн шинэ үеийн эхлэл болно.
  • Монголчууд эх орны дайнд Оросыг дэмжиж оролцож байсан учраас тэр үе шигээ санаад байх шиг байна. Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай, ижил юм огт байхгүй.
  • В.Путин хэзээ ухарна, тэр цагт энэ дайн зогсоно. Европын орнуудын хувьд Украины ард иргэдэд учруулсан сэтгэл санаа эд зүйлсийн хохирлыг барагдуулах хүртэл, Орос цэрэгжилтээс татгалзах хүртэл хоригоо цуцлахгүй.
  • Энэ бүхнээс харахад Монгол Улс болон ОХУ-ын яриа хэлэлцээ 2022 онд хэрэгжихгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдсан ДЦС-3, 4-ийг өргөжүүлэх, эрчим хүчээр хангах гэх мэт томоохон яриа хэлэлцээнүүд хэрэгжих боломжгүй болж байна. 
  • Монгол Улс 2015 онд Төвийг сахих туухай хуулиа баталсан бол өнөөдөр эвгүй байдалд орохгүй байх байсан. Энэ хуулийг сэргээн батлуулна гэсэн горьдлого байна. Монгол Улс төвийг сахих ёстой. Энэ нь цаашид ч олон асуудал дээр эвгүй байдалд орохоос хамгаална.

"Бид аливаа гадаад шокт маш эмзэг байна. Энэ хэвээрээ ойж, буугаад яваад байж болохгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр

Орос- Украины хооронд үүсээд буй нөхцөл байдалтай  холбоотойгоор олон улсын байгууллагууд бүгд судалгаа, тойм гаргаж байна. Эдгээр таамаглалтаас харахад дэлхийн эдийн засаг оны эхэнд 4.4 орчим хувийн өсөлттэй байна гэж тооцож байсан бол ОУВС сая 3.6% гэж гаргасан байна. Харин гол үйл явдал өрнөж байгаа Европын бүсийн өсөлтийг 2.8 хувь гэж үзэж байна.

Бид аливаа гадаад шокт маш эмзэг байна. Олон улсын байгууллагууд удаа дараа хэлж байсан. Монгол Улс байгаль цаг уурын өөрчлөлтөд, гадаад зэх зээлийн түүхий эдийн үнэ ханшид, өвчин тахалд, геополитикийн асуудалд эмзэг гэж. Эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжөөгүй болохоор гадаад шокт маш эмзэг байна. Бид энэ хэвээрээ ойж, буугаад яваад байж болохгүй.

"Монгол валютын ханшид зохицуулалт хийх буюу capital control тавьж эхэлж байна. Үүнийг ОУВС хэзээ ч болохгүй гэж зөвлөж ирсэн. Энэ шинэ арга хэрэгслийг ямар нөлөө үзүүлэхийг мэдэхгүй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс

Бодит ханшийн чангаралтыг тайлбарлая. Энгийнээр хэлбэл төгрөгийн бодит ханш чангарна гэдэг нь Монголын бараа бүтээгдэхүүнүүд бодитоороо бусад улс оронтой харьцуулахад үнэтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Америкийн дундаж хэрэглэгч, Монголын дундаж хэрэглэгч хоёрыг харвал Монголын хэрэглэгч илүү үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үг. Монголд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа барааны үнэ өсөхөөр дагаад бодит ханш чангарч байгаа юм.
Эдийн засаг руу уг нь доллар санхүүгийн урсгалаар орж ирж байх ёстой. Гадаад хүмүүс Монголд хөрөнгө оруулдаг, эсвэл Монголын банкууд гадаадаас зээл авах гэх мэт.
Төлбөрийн тэнцлээ хараад ханшийг тодорхойлох гээд байвал буруу. Валютын ханш дээр ирж байгаа дарамтыг зөвхөн төлбөрийн тэнцэл, хил дээр бууж байгаа хүндрэлээр харах биш мөнгөнийхөө захыг харах ёстой. Жишээ нь банкууд дээр 4-5 их наяд төгрөг Төв банкны үнэт цаас хэлбэрээр суучихсан байгаа. Уг нь энэ 4-5 их наяд төгрөг зээл болоод эдийн засаг руу гарч байх ёстой. Гэтэл банкууд тэрийг зээл болгож гаргахгүй Төв банкны үнэт цаас хэлбэрээр сайн дураараа байршуулж байна гэсэн үг. Тэгэхээр нийлүүлэлт тэлэх, ханш сулрах орон зай байгаа гэсэн үг.
Валютын ханшид зохицуулалт хийхийг Монголбанк өнөөдрийг хүртэл интервенцээр дамжуулж хийж ирсэн. Хэрэгтэй бол доллар зардаг. Эрэлт байвал худалдаж авдаг. Харин одоо Монгол Улс анх удаа capital control буюу капиталын урсгалд хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл би банканд очоод доллар авъя гээд авч чадахгүй байгаа нь капиталын урсгалд хяналт тавьж байгаа хэлбэр. Долларыг энэ улсаас чөлөөтэй урсгаж гаргахгүйгээр ургал дээр нь хяналт тавиад аль болох эдийн засагтаа үлдээх гээд байгаа. Зад тавьчихвал гараад явчихна гэж айсан учраас тэр. Ийм шинэ нөхцөл байдал үүсчихсэн явна. Манай улс түүхэндээ capital control хийж байсан тохиолдол бараг байхгүй. Олон улсын Валютын сан бидэнд capital control бол хэзээ ч үгүй гэж бидэнд үргэлж зөвлөж ирсэн. Яагаад гэвэл ханш эдийн засгийн нөхцөл байдлаа илэрхийлээд сул чөлөөтэй тогтож байх ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр болсон ба Монгол capital control тавьж эхэлж байна. Энэ шинэ арга хэрэгслийг ямар нөлөөтэй байхыг мэдэхгүй байна. Гэхдээ capital control тавивал буруу гэсэн ойлголт байхгүй. Амжилттай хэрэгжүүлээд хямралаа даваад гарсан  улс орнууд байдаг.

"Бид чөлөөт зах зээл, ардчиллаа дагах уу эсвэл Орос, Хятадыг дагах уу гэдэг шийдвэрээ гаргаж чадахгүй бол 1937 он болох гээд байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засагч, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд манай бизнес эрхлэгч нар ажил үүргээ нэр төртэйгөөр таслалгүй авч явсан юм шүү. Үүнд одоо байгаа болон байхгүй Засгийн газрынхан, эрдэмтэд баярлах ёстой. Өнөөдрийн байдлаар бид малаар бол маш ядруухан болчихсон байна. Хүний нөөц хүнд, мөнгөний хомсдолтой.
Дэлхийн дээр одоо Европын, ОХУ болон БНХАУ, АНУ-ын болон бусад улсын гэх дөрвөн блок үүснэ. ОХУ-ын дайн гэдэг нь хуучин Зөвлөлт Холбоот улсын бусад улсаа нэгтгээд нэг блок болгох үйл явц явагдаж байна. Тэгвэл нэг блокт орох гэж байгаа Орос, Хятадын голд байгаа Монгол Улс одоо яах вэ гэдэг асуудал болоод байна.
Бид чөлөөт зах зээл, ардчиллаа дагах уу эсвэл Орос, Хятадыг дагах уу гэдэг шийдвэрээ гаргаж чадахгүй бол 1937 он болох гээд байна. Орос, Хятад нийлсэн тохиолдолд Монголд тоглоомын Засгийн газар мөдхөн гаргаж ирнэ. 1937 он гэдэг чинь бусад чөлөөт зах зээл, барууны хүний эрхийг хамгаалсан бүх хүмүүсээ хядах ажиллагаа явагдах гээд байна. Энэ бол аюултай үзэгдэл шүү. Дэлхийд одоо улс төр, эдийн засгийн дахин хуваарилалт явагдах гээд байна. Бид аль талд нь багтах вэ?
Одоо дэлхий цөмийн зэвсгийг хэн эзэмших вэ гэдэг асуудал руу дахиад орж байна. Тусгаар тогтнолынх нь баталгаа гэдэг утгаар бүх улс цөмийн зэвсэгтэй байхыг хүсэж байна. хуучин бол устгах байхгүй болгохын төлөө байсан бол оддоо аль болох байлгахын төлөө явна.
Иймээс манай улсын эдийн засагчдаас улс төрийнхнөөс бодлоготой шийдвэр гарахыг хүлээж байна. Гэтэл манай Засгийн газар цар тахлын хоёр жилд халамж нэрийдлээр бүх мөнгөө барчихсан. Банкийг ашиглаж эдийн засагт хийдэг механизмыг Засгийн газар өөрөө хийх шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталчихлаа. Банк, Засгийн газар хоёрын дүрсгүй тоглоом бизнесүүдийг яаж дахин хохиролд учруулах вэ гэдгийг би мэдэхгүй байна.