2021 оны 1 дүгээр сард Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр системийн 5 банкийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд IPO хийсэн байх шаардлагыг тавиад буй.
Хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахаас өмнө Монгол Улсад арилжааны 12 банк үйл ажиллагаагаа хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр явуулж байсан бол банкны IPO хийх ажлын салхийг хуулиар заавал гэх ангилалд ороогүй ч Богд банк хагалж, хэдийнээ өөрийн хувьцаагаа хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалж эхлээд байна.
Харин одоо хуулийн шаардлагын дагуу заавал олон нийтэд хувьцаагаа санал болгох системийн 5 банк хөрөнгийн зах зээлд орох түүхэн үйл явдал хэрхэн өрнөхийг харахад богинохон хугацаа үлдлээ.
Ингээд “IPO MONGOLIA 2022-Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулга уулзалтад оролцсон банкны салбарын гол төлөөллүүд, зохицуулагч байгууллагын удирдлагууд “Банкны IPO”-ын талаар ямар байр суурийг илэрхийлснийг товчлон хүргэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Банк олон нийтэд нээлттэй буюу хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь мөнгө болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, компанийн засаглал сайжрах, олон нийтэд мэдээллээ нээлттэй мэдээлэх зэрэг өндөр ач холбогдолтой.
Нөгөө талаас олон улсад энэ төрлийн шилжилтийг дунд хугацааны төлөвлөгөөтэй буюу 5- 7 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажилладаг бол бидний хувьд маш богино хугацаанд буюу 2 жил хүрэхгүй хугацаанд системийн 5 банкыг IPO хийсэн байх хуулийн шаардлага тавьсан. Иймээс банкууд нэгэн зэрэг санхүүжилт татахад зах зээл багтаах уу гэдэг нь эрсдэл болж байна.
Гэхдээ 5 банкны олон нийтэд санал болгох хувьцаа нь 5-15 хувь буюу нийт үнийн дүнгээр 500-700 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдахаар байна. Харин Монгол Улсын банкны системийн нийт актив 40 их наяд төгрөг, банкуудын харилцах, хадгаламжийн нийт дүн 20 их наяд төгрөг гэсэн үзүүлэлттэй. Иймээс санхүүжилт татах дүнг банкны системд хадгалагдаж байгаа дүнтэй харьцуулахад банкуудын IPO харьцангуй амжилттай болох боломжтой гэж харж байна.
Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:
Хаан банкны хувьд Хувьцаа эзэмшигч, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын түвшиндээ талархаж хүлээн авсан. Бидний хувьд бэлтгэл ажилдаа аль хэдийнээ орсон, ажлууд үргэлжилж байгаа бөгөөд хуулийг шаардлагыг биелүүлж ажиллана.
Хаан банкны хувьд ялгарах онцлогийг ярих нь зүйтэй. Тодруулбал, өөрийн хөрөнгө хангалттай байсан тул 2020 болон 2021 оны ногдол ашиг хуваарилах замаар өөрийн хөрөнгийг хамгийн боломжит хэмжээнд авчирсан. Ингэснээр IPO хийсний дараа одоогийн хувьцаа эзэмшигчид болон ирээдүйд Хаан банкны хувьцаа эзэмшигч болох хөрөнгө оруулагчдын аль алинд нь ашигтай байх буюу анхдагч зах зээлд санал болгох хувьцааны үнэлгээг зөв тодорхойлж, цаашид өсөх трэндтэй байлгах боломжийн талаар бүх анхаарлаа хандуулж байна.
Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:
Банкны салбарын IPO бол хөрөнгө оруулагч нарын хувьд алдаж болохгүй боломж. Учир нь дараах 4 том зүйлийг цогцлоосон онцлог салбар юм.
Хас банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав:
Хас банкны бусад банкнаас ялгагдах онцлогийн хувьд 12 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд үүнээс нөлөө бүхий 7 хувьцаа эзэмшигчтэй. Олон стратегийн хувьцаа эзэмшигчтэй байх нь дараах давуу талуудтай байдаг.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 95.8 хувь өссөн буюу 6 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байлаа. Энэ нь хөрөнгийн зах зээл хөгжсөн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлттэй жил байсныг дурдах нь зүйтэй.
Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, идэвхжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бодлогын нэлээдгүй шийдвэр гаргаж, шийдвэрийн хэрэгжилтийг үр дүнтэйгээр гүйцэтгэсэн байна.
гэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Дээрх бүгдээс үзэхэд банкуудын IPO хийж буй нь эдийн засаг, компанийн засаглал талдаа эерэг үр дүнг авчирна. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад “БАНКУУДЫН ХУВЬЦААГ АВАХ УУ ? ЭСВЭЛ ХАДГАЛАМЖАА Л НЭМЭХ ҮҮ?” гэдэг асуулт үүснэ.
Тус асуултад хариулахад туслах бяцхан тооцоолол хийж үзье:
Хадгаламжийн хүүг давсан өгөөжийг хадгаламжаа байршуулж буй банкны хувьцааг авснаар олж чадах бол уу?
Системийн нөлөө бүхий топ банкуудын нэг эзэмшигчийн өмчийн өгөөж (ROE)-өө 2021 онд 20.8 хувьд хүргэжээ. Сүүлийн 5 жилийн дундаж нь 16 хувь. Таны оруулсан хөрөнгийн хариуд банк үйл ажиллагаагаа сайн явуулж нийт хөрөнгө оруулалтын тань 16хувьтай тэнцэх цэвэр ашгийг олж байна гэсэн үг.
Сүүлийн 5 жилд топ гурван банкны цэвэр ашиг 245 хувиар өсөж 403 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь дээрх 16 хувийг давсан өгөөжийг банкууд бий болгох бололцоотойг харуулж байна.
Та хөрөнгө оруулалт хийх банкаа сонгосон уу?
Ирэх саруудад хувьцаагаа олон нийтэд эзэмшүүлсэн байх банкуудын талаарх судалгаа, мэдээлэл болон зөвлөгөөг та энд дарж бүртгүүлээд Апекс капитал ҮЦК-аас авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!