Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн авто замыг аль нэг компани өмчлөх эрхгүй тул "Кинг тауэр" хотхоны орц гарцыг гаргаж, зөрчлийг арилгана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /2021 он/

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу "Кинг Тауэр" хотхоны оршин суугчдын орц гарцыг нээж, зам тавих асуудал хөндөгдсөн ч "Хурд" групп эсэргүүцэж, маргаан үүсгээд буй.

Тодруулбал, "Кинг тауэр" хотхонд ганц л орц гарц байдаг нь оршин суугчид хотхон руу орж гарахад түгжрэл үүсэх зэргээр хүндрэл учирч байсан асуудлыг шийдвэрлэж, тухайн хотхоны орц гарцыг нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Гэвч ойролцоо хотхоны гүйцэтгэгч "Хурд" групп тухайн гарц гаргаж буй хэсгийн замыг өөрийн хөрөнгөөр барьсан учир өөр хотхонд үнэ төлбөргүй ашиглуулахгүй хэмээн эсэргүүцсэн үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн маргаан болж буй газар өөрийн биеэр очиж, оршин суугчдад хандаж “Энэ газрыг өмнө нь эзэмшиж байсан компаниас нь "Хурд" групп нөхөн олговрыг нь төлөөд авчихсан. Мөн түүндээ хөрөнгө оруулаад оршин суугчдадаа тав тух амлаж, борлуулсан. Энэ замаар Та бүхэн зүгээр яваад өнгөрчихвөл болж байна. Гэтэл зогсоол нь багталцахгүй..." хэмээн тайлбарлаж байв.

зураг
 
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл тус асуудлыг нийслэл хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Нийслэлийн Засаг дарга дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай А/476 дугаартай захирамж гаргасан.

Дээрх асуудалд газар эзэмшлийн маргаан гэж байхгүй.Учир нь Авто замын тухай хуулийн дагуу Улаанбаатар хотын авто замын сүлжээ, авто зам бол төр, нийтийн өмч. Төрийн нийтийн өмч гэх газрыг нийслэлийн иргэдийг төлөөлсөн эзэмшигч нь нийслэлийн Засаг дарга байдаг.

Нийслэлийн авто замын сүлжээг Монгол Улсын иргэн, нийслэл хотын оршин суугч бүгд ашиглах эрхтэй. Түүнээс биш аль нэг компани эсвэл хувь хүн нийслэлийн авто замыг дангаар өмчлөөд бусдыг явж болно, болохгүйг заах эрхгүй.

Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, "Кинг тауэр" хотхоны орц гарцыг гаргана. Үүнд газрын маргаантай холбоотой асуудал огт гарахгүй” гэв.