Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Холбооны Зөвлөлийн (парламентын дээд танхим) төлөөлөгч Константин Косачев хэвлэлд Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол улсын нутаг дэвсгэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай ярьсан нь анхаарал татаж байгаа.
“Украинд байсан лабораториудыг нүүлгэх гэж байна гэж үзэх ноцтой шалтгаан бий. Тэдний хувьд Оросын нутаг дэвсгэрт ойр байх нь чухал” гэж Косачев энэ үеэр ярьжээ.
Гэхдээ түүний ярьсан зүйл монголчуудад төдийгүй оросуудад ч төдийлөн итгэл төрүүлэхгүй байна.
Тухайлбал Livejournal сайтад Оросын нэг блоггер энэ талаар таамаг, дүгнэлтээ бичжээ.
Түүний таамгаар бол Кремлийн эрх баригчид Украинд бүтэлгүйтсэн тохиолдолд заавал ямар нэг ялалт олж байгуулах шаардлагатай байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл Украинд ялалт байгуулж чадахгүй бол өөр нэг улсыг “нацизмаас чөлөөлөх” нөөц төлөвлөгөө хэрэгтэй ажээ.
Уг нөөц төлөвлөгөөг амархан гүйцэлдүүлэх хамгийн боломжтой хувилбар нь Монгол улс гэнэ.
Нийтлэлийг бичигч байж болох бүх хувилбарыг Оросын хөрш орнуудаас хайжээ.
Тухайлбал:
Үлдсэн улсууд нь Норвеги, Гүрж, Казахтсан, Монгол. Эдгээрээс ямар нэг шалгуураар сонгох (нэгэнт сонгочихсон байж магадгүй) боломжтой. Зөвхөн цэрэг армийн хүчин чадлаар нь шалгаруулбал хамгийн сул нь Global Power индексээр дэлхийн 142 орноос 101 дүгээрт эрэмбэлэгддэг Монгол байх боломжтой гэжээ.
“Энэ улс Вьетнамын дайны үед нэг талд албан ёсоор орж байснаас бусдаар сүүлийн 80-аад жилд ганц ч дайнд орж байгаагүй. Зөвлөлтийн үеийн хуучирсан зэвсэг техник бүхий жижигхэн армитай” гэж тодорхойлсон байна.
“Дайны дундуур өнөөдөр яагаад ийм төлөвлөгөө яригдах болов? Украинд ялагдал хүлээсэн тохиолдолд ОХУ-ын ерөнхийлөгчид нөөц төлөвлөгөө, ямар нэг ялалт хэрэгтэй байгаа. Ингэхгүй бол улайрсан ард түмнийг тайтгаруулахад хэцүү” гэж Ratrussia нэртэй блоггер бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!