Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Apple AirTag ашигласан мөрдлөгөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Одоогоос бараг жилийн өмнө Apple компани түлхүүр, цүнх зэрэг хувийн эд зүйлсээ гээхээс сэргийлэх зорилготой AirTag хэмээх бяцхан төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл зоосны хэмжээтэй AirTag-ийг эд зүйлс дээрээ тогтоогоод алдаж гээлгүй хянах боломжтой.

Гэвч үүнийг ашиглан бусдыг мэдэгдэлгүйгээр мөрдөх, байрлалыг нь хянах боломж нээгдсэн нь хүмүүсийн санааг зовоох болжээ.

Apple компани сүүлд хүсээгүй мөрдлөгөөс хамгаалах зарим арга хэмжээг авсан ч эрсдэл өндөр хэвээр байгаа.

Тухайлбал хэн нэгэн таныг мөрдөхийн тулд мэдэгдэлгүйгээр AirTag-ийг хувцас, цүнх, автомашин зэрэгт тань байрлуулж болох юм.

AirTag нь утасгүй дохио дамжуулагч болон Apple-ийн “Find My” системийг хослуулан ажилладаг.

Хүсээгүй мөрдлөгөөс сэргийлэхийн тулд Apple компани эхлээд iPhone, iPad, iPod Touch зэрэг төхөөрөмжүүд дээр “AirTag Found Moving With You” гэсэн мэдэгдлийг гаргадаг болсон юм. Өөрөөр хэлбэл “тантай хамт яваа AirTag олдлоо” гэсэн утгатай анхааруулгыг өгдөг болгожээ.

Гэхдээ энэ нь зөвхөн Apple-ийн төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст үйлчилж байсан тул сүүлд Tracker Detect аппликэйшнийг Андроид төхөөрөмжтэй хүмүүст зориулж гаргасан байна.

Ийм мэдэгдэл илэрсэн бол таны ойр орчимд AirTag байрлаж байна гэсэн үг.

Дараагийн алхам нь нууцаар байрлуулсан AirTag-ийг олж илрүүлэх юм.

Ингэхдээ гараар хайж болно. Тухайлбал та байнга өмсдөг хувцаснаасаа, эсвэл байнга биедээ авч явдаг хэтэвч, цүнх зэргээсээ, эсвэл автомашин дотроосоо AirTag-ийг хайх хэрэгтэй.

Бас нэг арга нь Bluetooth дохио илрүүлэгч аппликэйшнийг ашиглах.

Ийм аппликэйшн ямар нэг үл таних төхөөрөмж ойр хавьд чинь ажиллаж байгааг илрүүлдэг юм. Bluetooth BLE Device Finder, BLE Scanner зэрэг аппликэйшнүүдийг ашиглаж болно.

Ингэж нууцаар байрлуулсан AirTag-ийг олсныхоо дараа яах вэ?

Хэрвээ мөрдөж байгаа этгээдийн эсрэг баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл олдсон AirTag-ийн сериал дугаарыг эзэнд нь мэдэгдэлгүйгээр олж тэмдэглэх хэрэгтэй.

Ингэхийн тулд та iPhone хэрэглэдэг бол Apple-ийн Find My аппликэйшнийг татаж суулгаад нээхэд ойр байгаа AirTag-ийн нэр гарч ирнэ. Нэрний дор уг AirTag-ийн сериал дугаар гарч ирдэг.

Эсвэл iPhone болон NFC технологитой бусад төрлийн гар утсаа AirTag-ийн цагаан өнгөтэй талд нааж барихад дэлгэцэнд мэдэгдэл гарна. Гарсан мэдэгдэл дээр дарахад вэб хуудас нээгдэж, AirTag-ийн сериал дугаар харагдах юм.

Сериал дугаарыг нь олж хадгалсны дараа AirTag-ийн ажиллагааг зогсоох бол батарейг нь салгах хэрэгтэй.

AirTag-ийн арын логотой тагийг цагийн зүүний эсрэг эргүүлснээр батарей ил гарна.

зураг
 

 

Эх сурвалж: CNET