Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Залуучуудын Холбооны байранд 20 байгууллага түрээсээр ажилладаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос тус холбооны өмч хөрөнгө, санхүүжилтийн талаар тодрууллаа.

- Одоогоор Монголын Залуучуудын Холбооны байранд хэдэн аж ахуйн нэгж түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

- Дөрвөн давхар барилыг хоёрдугаар давхарт нь МЗХ байрладаг. Нэгдүгээр давхрын хагаст нь холбооны дэргэдэх байгууллагууд бий. Үндсэндээ хоёр давхарт нь түрээсийн 20 гаруй байгууллага бий.

- Түрээсийн метр квадратын үнэ нь хэд вэ?

- 27,500 төгрөг байсныг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 35,000 төгрөг болгосон.

- МЗХ-ны санхүүжилтийн бүтцийн талаар тодруулмаар байна. Хэдэн хувийг нь түрээсийн орлого эзэлж байна вэ?

- Өдөр тутмын үйл ажиллагаагаа 100 хувь түрээсийн орлогоор бүрдүүлж байна. Тухайлбал, бичиг хэрэг, ажилтнуудын цалин гэх мэтчилэн бүх зардлыг төлдөг. Бид улсаас нэг ч төгрөг авдаггүй.

Харин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон гишүүд дэмжигчдийн хандив гэж бий. Гэхдээ үүнд тогтсон хэмжээ байдаггүй. Зарим үйл ажиллагаан дээр иргэн, аж ахуйн нэгжээс тодорхой хувийн дэмжлэг ирдэг. 

- Танай холбоонд хэдэн хүн гишүүнчлэлтэй байдаг вэ. Гишүүний татвар хураамж гэж авдаг уу?

- Залуучуудын Холбооны үндсэн дүрмээрээ 16-40 насны Монгол Улсын иргэнийг гишүүн гэж үзнэ гэсэн дүрэмтэй. Иймд гишүүнчлэл гэж байхгүй бөгөөд 16-40 насны залуусынхаа эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ажилладаг. Идэвхтэн гишүүд жилийн 1,000 төгрөгийн татвартай байсан, гэхдээ энэ нь бодит байдалд төлөгддөггүй. 

- Монголын Залуучуудын Холбооны байрнаас өөр үл хөдлөх хөрөнгө байдаг уу?

- Одоогоор зөвхөн төв байрны байшин бий. Өмнө нь 200 гаруй объекттой байсан. Зандаахүүгийн Энхболд Төрийн Өмчийн Хорооны дарга байхад хувьчлалд оруулж, 200 гаруй объектыг хувьчлаад дуусгасан. Бид Засгийн газар хүсэлт тавьж, энэ асуудлыг шалгаж өгөөч гэж байгаа.