ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга: Г.Амартүвшин гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан нь ямар ч үр дүнгүй. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хэрэгтэй

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн Банкнаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдон, нийгмийн зүгээс шүүмжлэл хүлээгээд буй. МАН-аас уг эдгээр гишүүдээ өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргахын даалгасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлэн, уг асуудлыг иргэний хувиар шалгуулах гэж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон ч хүчингийн гэмт хэрэгт холбогдон, шалгуулж байх хугацаандаа бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан билээ.

Тэрбээр “Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан байна. Яг ийм асуудал таван жилийн өмнө надад тохиолдож байсан учраас энэ талаар нэлээд ойлголт байгаа.

Түдгэлзэх бол өөрийн хүсэлтийн асуудал биш. Түдгэлзүүлэх эрх нь Улсын ерөнхий прокурорт хадгалагдаж байдаг бүрэн эрх юм. Түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор хоёр тохиолдолд оруулж болно. Нэгдүгээрт, хэрэв тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг баривчлаад, гурван цагийн УИХ-ын даргад мэдэгдэх ёстой гэдэг хуулийн зохицуулалт бий. Хоёр дахь нь, тухайн гишүүнийг хуулийн байгууллага шалгах явцад гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдвол түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлдэг.

Харин УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргавал юу болох вэ.

Парламентын гишүүнийг хуулийн байгууллага шалгаж эхлээгүй бол УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцдэг. Тухайн үед би Ёс зүйн байнгын хороогоор орж байсан. Тэгэхэд уг асуудал нь хуулийн байгууллага шалгах асуудал байна гэж үзээд байнгын хороонд хамааралгүй асуудал болсон. Ингээд хуулийн байгууллага шалгаж эхэлснээр прокурорын байгууллага гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг хянадаг.

Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар яг адилхан түвшний албан тушаалтай байсан хүмүүсийн заримыг нь яллагдагчаар татаад, хорьсон. Харин зарим нь УИХ-ын гишүүн хэвээр байна.

УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгснөөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах хэрэгтэй болно. Энэ дэд хороо хуралдаад “УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хууль зүйн үндэслэл байхгүй учир хэлэлцэх боломжгүй” гэж үзнэ. Ингэснээр уг асуудал зогсоно.

Тухайн үед би түдгэлзэх хүсэлтээ өгөхөд Ц.Нямдорж сайд “Их хурлын гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр түдгэлзүүлэн шалгах заалт байхгүй учир энэ асуудал хуулийн мухардалд орлоо” гэж мэдэгдэж байсан.

Г.Амартүвшин гишүүн хүсэлтээ өгчих юм бол дэд хороогоор уг асуудлыг хэлэлцээд хуулийн мухардалд орлоо, хэлэлцэх үндэслэлгүй байна гээд буцаана. Тэгэхээр олон нийтийн зүгээс УИХ энэ асуудлыг хэлэлцэхгүй, хамгаалж байна гэдэг бухимдал үүснэ.

Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн ийм хүсэлт гаргаж байгаа нь хоёр зорилготой байж болно. Эхнийх нь энэ асуудал хуулийн мухардалд орохыг мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлэн, шударга гишүүний дүрд тоглох. Эсвэл хуулиа мэдэхгүй байна.

Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх ямар ч боломжгүй учир үр дүнгүй юм.

Харин УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүндэтгэх үзэх үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч болно. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ар гэрийн гачигдал, өөр албан тушаалт томилогдох болсон зэрэг үндэслэлийг хуульд заасан байдаг.

Харин хуулийн байгууллагад шалгуулж, нэр төрөө цэвэрлэнэ гэдэг үндэслээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан тохиолдол надаас өөр байхгүй. Гэвч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн. Яагаад гэвэл ар гэрийн гачигдал, өвчин зовлон тохиолдоогүй байхад чөлөөлөгдсөн нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн үү гэдэг дээр маргаан үүсгэсэн.

Ингээд Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн ард түмний өмнө хүлээсэн итгэлийг эвдэн, үүнд нь олон түмэн дургүйцлээ илэрхийлж байгаа нөхцөлд өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргах нь хүндэтгэх үзэх шалтгаан мөн юм гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр, УИХ-ын гишүүн хуулийн байгууллагад шалгуулъя гээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх нь боломжтой.

Би үүнийг туулаад гарсан учраас сайн мэдэж байна. Нэг хоёрхон хүнээс болж парламентын олонхын бүлэг ард түмэнд адлуулаад байх нь сайн зүйл биш.

Нөхдөдөө зөвлөж хэлэхэд шалгагдаж байгаа асуудал чинь гарын үсэг, орсон гарсан гүйлгээгээр баталгаажсан. Харин үнэхээр энэ асуудал холбоогүй бол чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд шалгуул” гэв.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/gantulga.dorjdugar/videos/505025827901723