Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Украинд 30 орчим монгол иргэн үлдсэн, зарим нь буцах хүсэлтээ илэрхийлсэн боловч эцсийн шийдвэрээ гаргаагүй байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Украинд үүсээд буй нөхцөл байдал болон монгол иргэдээ татан авч дууссан эсэх талаар тодрууллаа.

- Украинд үүссэн цэрэг дайны хямрал дэлхий нийтийг түгшээж байна. Энэ дайн аль хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Украины нөхцөл байдлыг дэлхий нийт сэтгэл эмзэглэн ажиглаж байна. Энгийн иргэд аюулд өртөж, гэр орон, эх орноосоо дайжиж, амь насаа алдаж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх бодит эрсдэл тулгарч байгаад хүн болгон санаа зовж байна.

Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж оролцогч талуудыг хурцадмал байдлыг даамжруулах аливаа алхам, үйлдэл хийхээс татгалзаж хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэ хямрал хэр удаан үргэлжлэхийг олон улсын харилцаа, аюулгүй байдал судалдаг хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Зарим нь ойрын хугацаанд байлдааны ажиллагаа зогсож иж бүрэн яриа хэлэлцээ эхлэх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Зарим нь хурцадмал байдал улам даамжирч хэдэн сар сунжрах шинжтэй болчихлоо хэмээн дүгнэж байна. Дэлхийд шинэ дэг журам тогтоох, хүчний тэнцвэр хуваарилагдах үйл явц дөнгөж эхэлж байгаа тул энэ байдал дор хаяж 4-5 жил үргэлжилнэ гэсэн таамаглал ч байна. Энэ олон таамаг, дүн шинжилгээ бүгд үндэслэлтэй, гэхдээ өнөө маргаашийн тодорхойгүй нөхцөлд аль аль нь амархан няцаагдах боломжтой тул тэр нь зөв, энэ буруу гэж хэлэх аргагүй. Украины нөхцөл байдалд эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн иргэд хүртэл санаа зовниж нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Ганц манайд ч биш дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлж байна. Цэрэг дайны аюул түргэн арилж, сөргөлдөөнийг энхийн замаар шийдээсэй гэсэн хүсэл хүн болгоны дотор хадгалагдаж байгаа гэж бодож байна.

- Та Украинд үүссэн нөхцөл байдал гэж томьёолж байна. Бас хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсанд санаа зовж байна гэж ярилаа. Тэгвэл Монгол Улсын байр суурь юу вэ?

- Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлого явуулдаг, аливаа сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр бат зогсдог улс. Тийм болохоор ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээ эхэлснийг сайшааж байгаа, бодит үр дүнд хүрнэ гэдэгт ч итгэлтэй байна. Хурцадмал байдал даамжрах нь Европ төдийгүй дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд ноцтой хор уршиг учруулна.

Улс орнууд өөрийн аюулгүй байдлаа хангах зорилгоор зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэлбэл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн өмнөх ололтуудыг үгүй хийх эрсдэл үүснэ. Тийм болохоор олон улсын хамтын нийгэмлэг үүссэн нөхцөл байдлыг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж Украинд хүмүүнлэгийн хямрал хяналтаас гарахаас хамтын хүчээр сэргийлэх нь чухал гэж үзэж байна.

- Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манай улс тэндээс монгол иргэдээ татан авах шаардлагатай болж, Гадаад харилцааны яам тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнийг Украинд байдал хүндрэхээс өмнө хийж болоогүй юм уу?

- Украинд байдал хүндэрч магадгүй болонгуут бид Украинд оршин суудаг иргэдийнхээ бүртгэлийг шинэчилж холбоо барих утас, хаягийг нэг бүрчлэн тогтоох ажлыг хийсэн юм. Хоёрдугаар сарын эхээр надад Украинд 68 оюутан сурдаг, байнга оршин суудаг 20 орчим иргэн байна гэсэн судалгаа гаргаж өгсөн. Тэгээд удалгүй гадаадын зарим улс орнууд иргэддээ Украинаас гарахыг зөвлөж эхлэнгүүт бид Варшав дахь ЭСЯ-ыг оролцуулан тэндэх оюутнуудтайгаа цахим уулзалт хийж нөхцөл байдал тайван, олон улсын нислэг хэвийн байгаа дээр нь ар гэртэйгээ зөвлөлдөж байгаад эх орондоо буцаж ирэхийг зөвлөсөн. Энэ цахим хурлын дараа 40 орчим оюутан эх орондоо ирсэн. Энэ хооронд Украинаас ирсэн оюутнуудаа цахимаар үргэлжлүүлэн сургах хүсэлтийг Украины Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж шийдвэрлүүлээд үлдсэн 30 орчим оюутантай дахин цахим уулзалт хийж нутаг буцах зөвшөөрөл өгөхгүй байсан зарим сургуультай холбогдож албан ёсны хүсэлт гаргасан.

Харамсалтай нь энэ уулзалтаас хойш хэдхэн цагийн дараа цэрэг дайны ажиллагаа эхэлж нөхцөл байдал хэний ч тооцоолж байгаагүйгээр эргэсэн, ГХЯ өмнө нь юугаа хийж байсан юм бэ, гэсэн яриа ч гарсан.

- Нийгмийн сүлжээгээр зарим хүмүүс “ГХЯ ниргэсэн хойно нь хашхирав” гэж их шүүмжилсэн. Өмнө нь хоёр ч удаа оюутнуудтай цахим уулзалт хийж зөвлөмж заавар өгч, цахимаар сурах хүсэлтийг нь шийдэж өгсөн байтал яагаад ингэж шүүмжлэх болов?

- Бидний хувьд тэнд байгаа оюутан хүүхдүүд, иргэдийн амь нас, аюулгүй байдал юу юунаас илүү чухал байсан тул хийсэн ажлынхаа талаар олон нийтэд тэр болгон цаг тухайд нь мэдээлэл өгөөгүйн улмаас зарим хүмүүс буруу ойлгосон байх. Оюутнуудад санаа зовсон хүмүүс бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж байсан нь зүйн хэрэг, зарим иргэн бидэнтэй ажил хэрэгчээр хамтран ажилласан тохиолдол ч байна. Харамсалтай, мөн хачирхалтай нь тэдний талаар огт санаа зовоогүй хэрнээ хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээр улс төр хийх гэсэн зарим хүмүүс ГХЯ-ны ажлыг үгүйсгэж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан үйлдлүүд гарсан. Эдгээр үйлдэл Украинд үлдсэн иргэдийн ч сэтгэл санааг хоёрдуулж, энд тэднийг хүлээж байгаа ар гэрийнхэнд ч сэтгэлзүйн дарамт учруулж, иргэдээ татаж авчрах гэж өдөр шөнөгүй зүтгэсэн төрийн албан хаагчдын ажилд ч маш их саад хийсэн.

Оюутан хүүхдүүдийн амь насны төлөө санаа тавьцгааж байхад өөрийнхөө жижигхэн эрх ашгийг бодсон ганц хоёр хүн ингэж хүмүүсийн санаа сэтгэлийг хоёрдуулах нь ихээхэн хорлонтой байдаг юм байна.

-Хэл ам ихтэй байсан ч ямар ч байсан иргэдээ аюулгүй авчирлаа. Шүүмжилж байсан хүмүүс ч чимээгүй болж нийгмийн сүлжээнд ГХЯ-ны ажилтнуудад талархсан постууд үзэгдэж байна. Энэ бүхнийг танай яамны хийсэн томоохон ажлын нэг гэж үзэж болох уу?

- ГХЯ төвдөө шуурхай штаб байгуулан ЭСЯ-дыг удирдан чиглүүлж, оюутнуудын ар гэрийнхэнтэй уулзан санал хүсэлтийг нь хүлээж авч, нөхцөл байдлыг судлан Польш, Украины талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Украины хил рүү 30 гаруй км дотогш эрсдэлтэй бүсэд нэвтэрч иргэдээ Украин, Польшийн хил дээр авчирч, тэндээсээ хил нэвтрэх урт дарааллыг алгасан чирэгдэл хүндрэлгүй гаргаж авлаа. Шуурхай штаб, Варшав дахь ЭСЯ, төвөөс газар дээр нь томилсон ажилтнууд, Берлин, Будапешт, Прага дахь ЭСЯ-ны дипломатууд маш сайн ажилласан.

Харьковоос оюутнууд авах боломж бүрдвэл бэлэн байлгах үүднээс Москва дахь ЭСЯ-наас ч хил рүү баг илгээсэн. Дээр нь Украин дахь манай Өргөмжит консул Эдуард Рубан, Польш дахь Монголчуудын холбоо, Польш, Украинд байнга оршин суудаг монголчууд энэ бүх ажилд идэвхтэй оролцож ихээхэн тус дэм боллоо.

Украинд байнга оршин суудаг Ж.Энхзаяа Киев, Одесс, Харьковоос ирсэн олон монгол иргэдийг тосож хоол ундтай залгуулж, микро автобус хөлслөн хилийн бүсэд хүргэсэн.

Мөн Киев хотод амьдардаг Х.Болдхуяг Украинд сурдаг оюутнуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, ЭСЯ-нд бүртгүүлээгүй монгол иргэдийг олж тодруулах, тэдэнтэй холбоо барихад их тусаллаа. Тэдэнд би яамныхаа веб сайтаар дамжуулан талархал илэрхийлсэн.

Украинд байдал хүндрэхээс өмнө зөв шийдвэр гаргаж ГХЯ-ны зөвлөмжийг даган эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд онцгойлон талархаж байна

- Нөхцөл байдал хүндрэхээс өмнө ГХЯ-ны зөвлөмжийг даган эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд онцгойлон талархал дэвшүүлсэн. Украинаас гарсан иргэд бүгд эх орондоо ирсэн үү?

- Өнөөдрийн байдлаар нийт 69 иргэн Украинаас гарч Польшийн хилээр нэвтэрсэн. Эдгээрээс 46 нь Монголдоо эргэж ирсэн, 19 нь Польшид үлдсэн, ганц хоёр хүн тэндээсээ өөр улс руу явсан. Замдаа Истанбулд биеэ эмчлүүлэхээр үлдсэн хүн ч байна.

- Одоо Украинд үлдсэн хүн байхгүй юу?

- Украинд 30 орчим монгол иргэн үлдсэн, тэдний зарим нь буцах хүсэлтээ илэрхийлсэн боловч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Варшав дахь ЭСЯ байнга холбоотой байгаа.

- Ер нь Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн Монгол Улсад хэрхэн зорчих боломжтой вэ? Монгол залуутай гэрлэлтээ бүртгүүлсэн Украин улсын иргэн эмэгтэй, тэдний хүүхдийн асуудал шийдэгдсэн үү?

- Тухайн гадаадын иргэнийг харьяалах улстай байгуулсан харилцан зорчих нөхцөлийн талаарх гэрээ, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон визийн журмаар зохицуулна. Украин хүнтэй гэр бүл болсон хоёр хүүхэдтэй иргэнээ бид гэр бүлтэй нь татаж авсан. Асуудал шийдэгдсэн гэсэн үг. Гэр бүлийн нэгдмэл байдлыг хангах олон улсын гэрээгээр хүлээсэн бидний үүрэг ч байгаа, нөгөө талаас энэ бол хүмүүнлэгийн асуудал.

- Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ саяхан Европ руу хийх бүх нислэгээ зогсоосон. Гуравдагч улсын иргэд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин зорчихыг хүсвэл ямар нөхцөл тавигдах вэ?

- Дээр дурдсанчлан Монгол Улсын болон олон улсын гэрээ, хууль журмын хүрээнд шийдвэрлэнэ. Манай хил нээлттэй болсныг бид олон улсад зарласныг та мэдэж байгаа. Өнөөгийн байдлаар Монгол Улс нийт 60 улс, бүс нутагтай визгүй зорчих хэлэлцээр байгуулсан, үүнээс 25 улс, бүс нутгийн бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд манай улсад визгүй зорчиж байна. Эдгээр улсын иргэд ОХУ-аас агаарын болон авто замаар манай улсад визгүйгээр олон улсын зэрэглэлтэй байнгын ажиллагаатай боомтоор зорчих, дамжин өнгөрөхөд нээлттэй. Гэхдээ эдгээр иргэд хилийн боомтоор нэвтрэхэд тавигдаж буй ОХУ-ын дотоодын журам, шаардлагыг анхаарах хэрэгтэй. Харин бусад улсын иргэд Монгол Улсад нэвтрэх, дамжин өнгөрөх визийг урьдчилан авна.