Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"15 настай 7,300 орчим сурагч PISA-д хамрагдаж, манай улс сургалтын чанараа анх удаа олон улсад үнэлүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

PISA/Programme for international Student Assessment/-д энэ жил манай улс анх удаа хамрагдаж, олон улсад сургалтын чанар чансаагаа тодорхойлуулах гэж байна.

Үнэлгээнд 15 настнууд буюу суурь боловсрол эзэмшсэн сурагчид түүврийн аргаар сонгогдон оролцох юм. Энэ талаар өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өгч, бэлтгэл ажлын талаар танилцууллаа. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Үндэсний хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд PISA сурлага, амжилтын олон улсын үнэлгээг зохион байгуулна. 

Үнэлгээний зорилго нь суурь боловсрол эзэмшсэн суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал ахуйдаа хэрхэн ашиглаж чадаж байгааг илрүүлэх юм. 

Гурван жил тутамд болдог уг үнэлгээнд энэ онд 88 орон хамрагдана.

Манай улсын хувьд 196 сургуулийн 7,300 орчим суралцагч мөн түүврийн аргаар сонгогдсон. Дүн нь 2023 оны арванхоёрдугаар сард гарна.

Үнэлгээнд хамрагдсанаар хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлт хэр оновчтой байгаа болон бусад улс оронтой харьцуулахад аль түвшинд байгаагаа бодитоор харж, цаашдын бодлого, хөтөлбөрөө төлөвлөх үндэс суурь болдог нь хамгийн гол үр дүн юм" гэлээ.

Түүнчлэн тэрбээр анх удаа үнэлгээнд хамрагдаж буй улс орнуудад "PISA Shock" үүсдэг талаар дурдсан юм. Энэ нь төсөөлж байсан үр дүнгээс хэт доогуур үр дүн гарахыг хэлж буй аж. 

Энэ онд манай улсаас гадна Узбекистан, Армени, Панам, Эл Сальвадор улс анх удаа PISA-д хамрагдах юм байна.

Л.Ганбат: PISA-д ирэх даалгаврын агуулга, тавил зэрэг нь манай суралцагчдад цоо шинэ зүйл биш

БҮТ-ийн захирал Л.Ганбатаас уг олон улсын үнэлгээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

- Сонгогдсон 196 сургуулийн хэд нь орон нутгийнх вэ?

- 120 орчим нь орон нутгаас хамрагдана. Нэг сургуулиас ихдээ 40, багадаа 20 сурагч хамрагдахаар сонгогдсон

- Ямар төрлийн даалгаврууд орж ирэх вэ?

- Үнэлгээнд Математик, Байгалийн ухаан, Унших чадвар, Бүтээлчээр сэтгэх чадварын даалгаврууд орж ирнэ. 

- Даалгаврууд англи хэлээр байх уу, эсвэл албан ёсоор орчуулгатай юу?

- Үндсэн болон нэмэлт асуултууд бүгд монгол хэлээр байх юм. OECD-ээс англи хэл дээр боловсруулж ирүүлсэн даалгавруудыг монгол эрдэмтэн, багш нар сургалтын хөтөлбөрийн үг хэллэг, онцлогт тулгуурлан орчуулж бэлтгэсэн. 

- PISA үнэлгээг анх удаа өгөх гэж байна. Иймд суралцагчдыг бэлтгэхдээ өмнөх оны даалгаврууд дээр ажиллах гэх мэтээр давтлага өгч байгаа болов уу?

- 2014 оноос эхлэн Боловсролын үнэлгээний төвөөс Чанарын үнэлгээг зохион байгуулж байсан. Тэрхүү Чанарын үнэлгээний агуулга, даалгаврын тавил агуулга, хэлбэр нь олон улсын үнэлгээний хэлбэр рүү нэлээд чиглүүлсэн. Тиймээс PISA-д ирэх даалгаврын агуулга, тавил зэрэг нь манай суралцагчдад цоо шинэ зүйл биш.