Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улс хүнлэг бус туршилтын золиос болсон Гринландын хүүхдүүдээс уучлал гуйжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Дани улсын ерөнхий сайд 1950-аад оны нийгмийн туршилтын золиос болсон хүүхдүүдээс үлдсэн зургаан хүнтэй уулзахдаа тэднээс албан ёсоор уучлал гуйжээ.

1951 онд тус улсын эрх баригчид өөрийн колони Гринландын арлын уугуул иргэдийн 4-9 настай 22 хүүхдийг гэр бүлээс нь салган Дани улсад авчирч байсан юм.

Тэднийг жинхэнэ дани хүн болгон хүмүүжүүлснийхээ дараа Гринландад буцааж, нутгийн Инуит угсаатнуудыг өөрийн нийгэмд уусгах ажлыг удирдуулах зорилготой байжээ.

Дэлхий хоёрдугаар дайны дараа их гүрнүүд НҮБ-д элсэхдээ колоничлолоос татгалзах амлалт авч байсан юм. Харин Дани улсын хувьд Гринланд арлыг жирийн нэг колони биш, өөрийн улсын салшгүй нэг хэсэг болохыг батлан харуулахыг хичээж байснаас ийм туршилт зохион байгуулж байжээ.

“Та бүхний түүх бидний сэтгэлийг гүнзгий шархлуулж байна. Тиймээс өнөөдөр Дани улс хэлэх ёстой цорын ганц үгээ “уучлаарай” гэж хэлж байгаа юм” гэж Данийн Үндэсний Музейд болсон уулзалтын үеэр ерөнхий сайд Метте Фредериксен хэлжээ.

“Та нарын үзэж туулсан зүйл болох ёсгүй байсан. Энэ бол хүнлэг биш, зүрх сэтгэлгүй, утга учиргүй явдал байлаа” гэж тэр нэмж хэлсэн байна.

зураг
 
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен

Туршилтад оролцсон хүүхдүүд дахин хэзээ ч эцэг эхтэйгээ уулзаагүй ажээ. Тэдний зарим нь Дани гэр бүлд үрчлэгдэж, зарим нь Гринландын арал руугаа буцсан байна. Буцсан хүүхдүүдийг асрамжийн газарт тусгаарлаж, зөвхөн дани хэлээр яриулдаг байжээ.

Одоо Гринланд арлын 57,000 орчим оршин суугчийн дийлэнх нь Инуит угсаатнууд байдаг. Тус арал олон жилийн турш Дани улсын нэг хэсэг байгаад сүүлд автономит эрхтэй болж байжээ. Одоо Гринландын оршин суугчид тусгаар тогтнолоо зарлах ч эрхтэй юм.

Ерөнхий сайд Фредериксен 2020 оны арванхоёрдугаар сард хохирогчдоос албан ёсны уучлалыг бичгээр гуйж байжээ.

Харин хүүхдүүдээс үлдсэн зургаан хүнтэй анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм

 

Эх сурвалж: Reuters