“Гоо сайхныг хүн бүрд түгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн энэ жил анх удаа гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж буй De Saron салоны Үүсгэн байгуулагч бөгөөд Захирал С. Эрдэнэсаруултай ярилцлаа.
-Танай компанийн хувьд Beauty Expo- 2022 гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна?
Маш томоор харж байна. Дэлхийд 500тэрбум $-ын зах зээлтэй гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн Улаанбаатарт анх удаагаа далайцтай, өргөн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Дотоодын үйлдвэрлэгч, дистрибютор болон үйлчилгээ үзүүлэгч компаниуд хоорондоо мэдлэг мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах хамгийн гол нь хамтдаа хөгжих том платформ болно. Ковидын үр нөлөө дэлхийн хэмжээнд бүрэн гүйцэд намжаагүй энэ үед магадгүй гадаадын үйлдвэрлэгчид, салбарын түүчээлэгчид хангалттай хэмжээнд оролцож амжихааргүй байгаа хэдий ч бид дотооддоо эхлүүлэх нь чухал. Дараа дараагийн жилүүдэд гадна дотоодын олон олон төлөөлөгчид оролцож улам сонирхолтой өгөөжтэй арга хэмжээ болно гэж харж байна. Мөн бидний гадагшаа үзэсгэлэнд оролцох гэж явдаг зардал тодорхой хэмжээнд дотоодод үлдэж харин гаднын үйлдвэрлэгчид энэ үзэсгэлэнд оролцохоор Монгол руу аялж ирнэ.
-De Saron салон байгуулагдаад хэр удаж байна? Танай салоны голлон анхаардаг үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгнө үү.
Манай салон байгуулагдаад 4-н жил болж байна. 13-р хорооллын Натур худалдааны төвд, 19-р хорооллын Морьтон цогцолбор болон 3-р эмнэлгийн зүүн талд 3-н салбартайгаар хэрэглэгчид дээ аль болох ойртож үйл ажиллагаа явуулж байна. Бид өөрсдийгөө гоо сайхны бүрэн салон гэж нэрлэдэг. Тэгэхээр гоо сайхантай холбоотой бүх үйлчилгээг нэг дор нэг зөв стандарттай үйлчлүүлэгчид дээ санал болгох нь бидний зорилго байдаг.
-Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Ихэнх нь орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлж байна. Танай салоны хувьд бусад салонуудаас ялгарах давуу тал юу вэ?
Тийм, манай салбар сүүлийн жилүүдэд өрсөлдөөн ихтэй байгаа, бид ч өрсөлдөөнийг маш эерэгээр хүлээж авдаг. Салбарын хурдтай хөгжил шилдэг дэвшилтэт технологи ашиглаж байгаа нь ч энэ өрсөлдөөний үр дүн. Манай хамт олны өглөө болгон ажлаа эхлүүлдэг уриа үг “Эерэг хандлага соёлтой үйлчилгээгээр таны гоо сайхныг бид цогцлооно”. Бид үйлчилгээ үзүүлэгч компани. Тийм болохоор бидний хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол энэ хурдтай завгүй за магадгүй стресстэй нийгэмд (ялангуяа УБ хот үүнд орно) нэг ч гэсэн үйлчлүүлэгч маань манай салонд соёлтой чанартай үйлчилгээ аваад эерэг хандлагаар гэрэлтээд манайхаас гарч байгаасай гэж зорьдог.
Мөн бид тасралтгүй сурч хөгжиж байх тал дээрээ анхаарч ажилладаг ба манай үйлчлүүлэгчдэд сүүлийн үед тренд болж байгаа үйлчилгээ бүтээгдэхүүнүүдээ дурдвал: Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн хөмсөг урлаач гоёлын шивээс хийж байна, Америк Солонгос улсуудаас гоо сайханчид маань сургалт авч BB Glow болон арьс чангалах өргөх эмчилгээний гоо сайхны массаж хийж байна, харин манай үсчид Солонгос улсаас сургалт авч эмчилгээний Setting Perm буюу өөрөө хүссэн загвараараа хэлбэрт оруулж болдог том долгионт хими болон хуйхны эмчилгээнүүд хийж байна. Мөн энэ жил үйлчлүүлэгчид дээ барих нэг том сюрприз байгаа нь Монгол хүний арьсанд, Монголын цаг уур амьсгалд судалгаа хийсэн Солонгос үйлдвэрлэгч маань орцоо баталж бид анхны гэрээ, худалдан авалтын захиалгаа хийж дууслаа. Монгол хүний арьсанд зориулан хийсэн арьс чийгшүүлэн чангалж өргөх сет бүтээгдхүүн маань энэ зун эхлэхээс өмнө манай хэрэглэгчдийн гар дээр очихоор боллоо.
Танд баярлалаа.
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|