Бид усны ач тусыг мэддэг ч завгүй амьдралын хэмнэлээс болж усны хэрэгцээгээ бүрэн нөхөж амжилгүй, шингэний дутагдалд өртсөөр байна.
Бид усыг тогтмол ууж хэвшээгүй, зөвхөн цангах үедээ л санаж уудаг. Гэтэл хүний биед хамгийн хэрэгтэй шингэн бол ус юм. Усыг тогтмол уух нь шингэн дутагдсанаас үүсэх аливаа өвчин эмгэгээс сэргийлж, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг.
Ус хүний биед тустай эрдэс бодис хүчилтөрөгчийг агуулдаг. Өдөр бүр усыг тогтмол ууж хэвшсэнээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо идэвхжиж, улмаар эрч хүч нэмэгдэн сэтгэл санаа сэргэдэг. Шингэний хэт их дутагдлаас болж бөөр чулуужих, арьс хуурайших, толгой өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх гэх зэргээр хүний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд доголдол үүснэ.
Мөн антибиотик, эм бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд усыг хангалттай уухыг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь ус эм, эмчилгээний үр нөлөөг идэвхжүүлдэг. Шингэний хэмжээ хэвийн байснаар гаднын өвчин үүсгэгч бактерийг устгах дархлаа бий болно. Тиймээс ханиад томууны улирал, ханиадны бактери идэвхэждэг үеэр ус сайн уух нь өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэс болдог.
Хөрсний бохирдол ихтэй манай хотын хувьд ууж буй усныхаа найдвартай байдалд үргэлж анхаарах шаардлагатай. Тэрчлэн савласан цэвэр усны шошго дээр бичсэн орц найрлага элементүүдийг анзаарч харж сурах хэрэгтэй.
Хүн өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр орчим ус уух шаардлагатай. Нэг удаагаар их хэмжээний ус уух нь хаван үүсгэх, бөөрөнд ачаалал өгөх зэрэг сөрөг нөлөөтэй бөгөөд бага багаар ойр ойрхон амталж уух хэрэгтэй. Энэ нь шингэнийг тэнцвэрт байдлыг хангаж, цусны эргэлтийг сайжруулна. Хоол идэхээс 30 минутын өмнө болон хоол идсэнээс 30 минутын дараа ус уух нь хоолны шингэцийг сайжруулж, цангах мэдрэмжээ өлсөх мэдрэмжтэй андуурч их идэхээс сэргийлнэ.
Өглөө сэрсний дараа уусан ус дотоод эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг бол унтахаас нэг цагийн өмнө уусан ус шөнийн цагт шингэний дутагдалд орохоос сэргийлж өгнө. Харин усанд орохын өмнө ус уувал цусны даралт тогтворжино.
• Эрүүл мэнддээ анхаардаг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол дасгал эхлэхээс 2-3 цагийн өмнө 500-600мл ус уух хэрэгтэй.
• Мөн дасгалын өмнөх бие халаалтын үеэр 200мл ус уух, дасгалын үеэр 10-20 минут тутамд 200-300мл,
• Эцэст нь дасгалын дараа 30 минутын дотор дахин 200мл ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Технологийн эрин зуун цахим орчинд цагаа зарцуулдаг болсон өнөө үед хүний эрүүл мэндийг дэмжих зорилготой гар утасны үнэ төлбөргүй аппликэйшнүүд элбэг болжээ. Тиймээс ус уухыг хэвшил болгоё гэвэл ус уухыг тогтмол сануулж, хэр хэмжээний ус уухыг зааж өгдөг аппликэйшнийг гар утсандаа суулгах боломжтой.
Өөрийнхөө төлөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд ус уух зөв дадлыг өдөр тутамдаа хэвшүүлцгээе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!