Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна.
Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан "Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Монголбанк тодорхой давтамжтайгаар тус банканд шалгалт хийдэг болсон. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 60 хувь нь экспорт руу чиглэх ёстой байдаг. 2017 оноос 2021 он хүртэл Хөгжлийн Банкнаас нийт 2.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон.
2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкны шалгалт тус банканд хийгдсэн. Ингэхдээ Хөгжлийн банк шинэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэлэн байна уу гэсэн үнэлгээ хийсэн юм. Нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Мөн тус банканд 2011 оноос хойш 6.2 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн байдаг. Засгийн газрын баталгаатай, Засгийн газрын баталгаагүй гэсэн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн байна. 31 хувь нь Засгийн газрын баталгаагүй эх үүсвэр байгаа.
Зээлийн багцын хувьд боловсруулах салбар дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь барилгын салбар байгаа юм. Хугацаагаар нь ангилж харуулбал нэг жилээс дээш хугацаа хэтрэлттэй зээл ойролцоогоор 1.8 их наяд төгрөг байна. Дийлэнх нь дотоод үндсэн валютаар олгогдож байгаа" гэлээ.
Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай банкны зүгээс ирэх жилийн сүүлээр 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой болсон. Гэтэл зэлийн талаас илүү нь чанаргүй байна. Энэ чигээрээ төлөгдөхгүй байвал эргэн төлөлтөө хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Нэгдүгээр сарын 20-нд чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийснээс хойш тодорхой үр дүн гарч байна. 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн" гэв.
Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!