Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна

Г.Номин, iKon.mn
2022 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг танилцуулж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой. 

Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан байна. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкнаас танилцуулга хийхдээ шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх хугацаа урт, шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа юм байна. 

Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнд хүрч нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Компаниуд зээлээ эргэн төлөх дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. 

Нийт 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. 

Хөгжлийн банканд Монгол банкнаас тогтмол шалгалт хийж, Засгийн газраас мөн хяналт тавьж байдаг. 

Өнөөдрийн хуралдаанд АТГ-ын дарга оролцож хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг өнөөдөр танилцууллаа. 

Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай институт. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгаа. 

Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ" хэмээн ярилаа.