Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцэцэг: Консулын газрын бие бүрэлдэхүүн Чикаго хотноо ирж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газар

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.



АНУ-ын Чикаго хот болон тойргийн мужуудад ажиллаж, амьдарч буй элэг нэгт Та бүхэнтэйгээ “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгний өдөр мэндчилж буйдаа баяртай байна.

Гадаад улсад суугаа монголчууд маань төрт ёсныхоо үнэ цэн, уламжлал, соёлынхоо онцлог, давуу талыг улам ихээр мэдэрч, сэтгэл зүрхэндээ бахархан тээж явдаг билээ.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн ёс заншил, уламжлалаа даган айл хотлоороо цуглаж, настан буурлуудтайгаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлтэй үгс хэлэлцэн сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ цаг мөчид бэлэгшээн хүсэж буй бүхэн тань биелж, айлчлан ирж буй усан бар жилдээ эрүүл энх, элбэг дэлбэг, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын төр, засгаас хилийн чанадад буй иргэддээ төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалахын төлөө тууштай ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд Чикаго хот, зэргэлдээх мужуудад амьдарч буй монголчууддаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Монгол Улсаас Чикаго хотод суух Консулын газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус Консулын газрын хамаарах тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана муж улсууд багтаж буй бөгөөд Консулын газрын бие бүрэлдэхүүн Чикаго хотноо ирж, үйл ажиллагаагаа ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг энэ ташрамд мэдээлье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар