Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэхүү: Хуулиараа лифт эзэмшигч байгууллага лифтний аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байрны эвдэрсэн цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд долоон давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг Онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн. 

Тэгвэл тус цахилгааны шатны аюулгүй байдалд хяналт шалгалт хэрхэн хийж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 

Тэрбээр "Нэгдүгээр сарын 26-ны өдөр 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан суудал" хотхоны хоёрдугаар орцны лифтэнд долоон давхраас нэг хүүхэд унаж, нас барлаа гэсэн дуудлагын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн. Ингэхэд хонгилын хаалга цаашаа цөмөрсөн байдалтай, нэгдүгээр давхрын хаалгыг эвдэж унасан хүүхдийг аварсан байдалтай байсан.

Орон сууцыг ашиглалтад ороход Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалт, туршилтаар тэнцсэн байсан. Харин ашиглалтад орсны дараагаас хариуцагч СӨХ-өөс ажиллагааны явц, засвар, техникийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах ёстой. 

Монгол Улсад мөрдөгдөж буй дүрмээр 10 буюу түүнээс дээш давхар бол 630 кг тай нэг лифт, 450 кг-тай нэг лифт угсарна гэж заасан. Үүний дагуу тухайн байрны 12 давхар барилгад 630 кг-тэй, 450 кг-тай тус бүр нэг лифт байгаа.

Лифт эзэмшигч байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Лифтийг төхөөрөмлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу лифтний аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй" гэв. 

"Хаан суудал" СӨХ-өөс 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр цахилгаан шатны аюулгүй байдлыг тодорхойлох тухай албан бичиг ирүүлж, 2018 оны нэгдүгээр сард хяналт шалгалт хийгээд техникийн эвдрэл гэмтлийг тодорхойлж, хэрхэн ажиллах заавар зөвлөмж өгч, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт хүргүүлсэн. Түүнээс хойш Баянгол дүүргийн ИТХ-аас энэ лифтийн техникийн байдлыг тодорхойлж өгөөч, улсын төсвийн хөрөнгө оруулалт оруулмаар байна, лифтийг засварлах шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсний дагуу мөн 2021 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалтын ажлыг хийж, дүгнэлт хүргүүлсэн байна. Уг дүгнэлтэд эд анги эвдэрсэн, гэмтэлтэй, солих шаардлагатай гэж тусгасан байна.