ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь анх удаа тэргүүлж, Орхон удаалав

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулж, Дорноговь аймаг анх удаа тэргүүлснийг зарлалаа.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож гаргадаг. 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргах болсноос эхлээд жил бүр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жил Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа.

Үүний араас

  • Орхон
  • Дархан-Уул
  • Өмнөговь
  • Говьсүмбэр аймгууд

эрэмбэлэгджээ.

 
Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг НЭГТ эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар эхэнд эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг. 

Энэхүү үнэлгээнээс харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ. Засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн дундаж оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн байна.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор буурсан нь Увс, Завхан, Орхон аймаг байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахисан байна.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Дорноговь аймгийн засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч дэд бүтэц бүлгийн оноо өссөн. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр нэгт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
  • Орхон аймаг ерөнхий үнэлгээгээр хоёрт (өнгөрсөн 9 жил нэгт эрэмбэлэгдэж байсан) эрэмбэлэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ;
  • Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр гуравт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-т эрэмбэлэгдсэн;
  • Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр дөрөвт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо ихээхэн буурчээ;
  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан, Орхон аймгууд юм. Увс аймгийн оноо 3.9-өөр, Завхан аймгийн оноо 1.3-аар, Орхон аймгийн оноо 0.1-ээр буурсан;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-оор, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөгч жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай аймаг 15-д, Говь-Алтай аймаг 18-д эрэмбэлэгдэж байна;
  • 21 аймгаас Булган, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймгийн хувьд Бизнесийн үр ашиг үзүүлэлт хамгийн муу байна.

2021 онд эрэмбийн өөрчлөлт хамгийн их гаргасан аймгуудаас дурдвал: 

Хэнтий, Сэлэнгэ аймгууд өрсөлдөх чадварын эрэмбээ хамгийн ихээр ахиулсан бол Дундговь, Өвөрхангай болон Увс аймгийн эрэмбэ хамгийн их буурав. Хэнтий аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг сайжирсан нь, Сэлэнгэ аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг сайжирсан нь нөлөөлөв.

Дундговь аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн засаглал, менежментийн үзүүлэлтүүд, Увс аймгийн дэд бүтцийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын эрэмбэ буурахад түлхүү нөлөөлжээ.