Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газруудад ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,
Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас Иргэний нисэхийн салбартай холбоотой томоохон шийдвэр гарсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэхүү хуулийг албан ёсоор Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага, мэргэжлийн холбоодод гардуулж өгөв.
Энэхүү хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар үр өгөөжтэй талаар ярилцлаа. Юун түрүүнд агаарын тээвэр болон сэлбэг, эд ангийг татвараас чөлөөлснөөр тодорхой хугацааны дараа тизний үнэ тариф зохих хэмжээгээр буурах байдлаар ард түмэн үр шим хүртэх ёстойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо.
Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр “Юуны өмнө олон жил шийдэж чадахгүй байсан асуудлыг шийдэж агаарын тээврийн эдийн засгийг дэмжсэн хууль батлуулсанд Агаарын тээвэрлэгчдийн холбооны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна.
Манай салбар ковидын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд доод түвшиндээ орчихсон байна. МИАТ ТӨХК-аас бусад компаниуд төрөөс дэмжлэг авдаггүй. Элэгдэл тооцох асуудлыг олон улсын түвшинд буюу 15 хувьд хүргэж өгөхийн хуульчлах шаардлагатай. Ингэж чадвал агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сонирхол бий болно. Хөшигийн хөндийн нисэх буудалд олон улсын жишиг үнийн түвшинд үнэ тариф гаргах хэрэгтэй.
Мөн агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй том асуудлын нэг нь хүний нөөцийн бодлого байна. Өнөөдөр Шинэ Зеландын шаардлагаар англи хэлний өндөр түвшний мэдлэг шаардахаар зарим туршлагатай хүн нь ажиллах чадамжгүй болчихдог. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол зарим газар ажиллах чадварлаг хүний нөөцгүй болох магадлалтайг сайдын түвшинд анхаарч өгөхийг хүсье” гэв.
Монголын ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн холбооны тэргүүн Д.Батчулуун “Агаарын тээвэрлэгчдэд татварын дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Энэ хууль эрх зүйн актууд салбарын хөгжилд томоохон түлхэц болно. Бид парк шинэчлэл хийх, сургалт дадлага дотооддоо явуулах гээд гадагшаа урсах эдийн засгийн урсгалыг дотоодоо үлдээх боломж бий болж байгаад талархаж байна” гэлээ.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа.
Сайд Л.Халтар “Буянт-Ухаа” нисэх буудал нөөц нисэх онгоцны буудал гэдэг утгаараа байнгын бэлэн байдалд ажиллаж байх ёстой. Хуучин ажиллаж байсан горим алдагдахгүй байхад анхаарах хэрэгтэй” гээд аж ахуйн зарим шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг санууллаа.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!