Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 17 өргөдөл, гомдол ирснээс гурав нь нотлогдоогүй байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан байдаг.

“Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/1018 дугаар захирамжаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий зөвлөл нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байна.

Тус ёс зүйн зөвлөлд 2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 17 өргөдөл ирснээс 3 өргөдөл, гомдол нь ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй байна. Үүнээс, ёс зүйн зөрчил гаргасан 7 албан хаагчид сануулах арга хэмжээ авч, нэг албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, дөрвөн албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.

Хоёр өргөдөл гомдлыг судалж, дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ёс зүйн дүрмийг танилцуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, танилцуулгад сургуулийн 5,209, цэцэрлэгийн 4,599, насан туршийн боловсролын төвийн 73, нийт 9,881 багш, удирдах болон бусад ажилтан нар хамрагдсан байна.

Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болголоо гэж нийслэлийн Боловсролын газраас мэдэгдлээ.