Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бэхбат: Үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгаа, эрдэнийн чулууны гэрчилгээг заавал шалгах хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагаан сарын баярын өмнө гоёл чимэглэл, үнэт эдлэлийн худалдан авалт нэмэгддэг.

Үнэт эдлэлийн арилжааг 2020 оноос эхлэн тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг болсон тул үнэт эдлэл худалдан авахтай холбоотой зарим зүйлийг Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбатаас тодрууллаа.

- Иргэд хуурамч үнэт эдлэл худалдан авахаас сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор жил бүр гоёл чимэглэл, үнэт эдлэлийн худалдан авалт нэмэгддэг.

Ийм үед хэрэглэгчийн эрх ашгийг зөрчих, чанар стандартын шаардлага хангаагүй гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн зарж, худалдан борлуулах зөрчлүүд гарч болзошгүй. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд аливаа үнэт эдлэл худалдан авахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

Тодруулбал,

  1. Гар дээрээс шууд худалдан авалт хийхээс татгалзах,
  2. Суурин буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаг баталгаатай газраар үйлчлүүлэх нь чухал.

Мөн үнэт эдлэлийг худалдан авахдаа Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраар шинжлүүлсэн сорилтын үр дүнгийн хуудсыг заавал шаардах ёстой.

Түүнээс гадна, зарим тохиолдолд үнэт эдлэлийн чулууг дуурайлган хийсэн байх эрсдэл бий тул үнэт чулуутай эдлэлийг худалдан авахдаа сорьцын баталгааны тэмдгээс гадна эрдэнийн чулууны гэрчилгээг шалгах хэрэгтэй.

- Ер нь үнэт эдлэл худалдан борлуулж буй газраас иргэд үнэт эдлэл авахдаа юуг шаардах эрхтэй вэ?

- Үнэт эдлэл борлуулж буй газарт томруулдаг шил, жин байх ёстой. Түүнээс гадна тус бүтээгдэхүүнд шошго дагалдах ёстойг анхаарна уу.

Үнэт эдлэлийн шошго дээр,

  1. Үйлдвэрлэгч компани
  2. Тус бүтээгдэхүүний сорьц,
  3. Үнэ,
  4. Жин гэсэн дөрвөн төрлийн мэдээлэл заавал байдгийг шалгах үзэх хэрэгтэй.

Тухайлбал, лангуунд байгаа жингээр авахаар сонгосон үнэт эдлэлээ жинлэж үзэж, шошго дээрх жингийн мэдээлэл нь бодит байдалтай таарч байгаа эсэхийг нягтлах нь зөв.

Мөн худалдагчаас тухайн үнэт эдлэлийн Сорьцын хяналтын газраар хийлгэсэн шинжилгээний сорьцын баталгааны тэмдэг дарагдсан нь аль болохыг лавлаж, томруулдаг шилээр харж шалгах хэрэгтэй.

Ер нь үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүн дээр хоёр тэмдэглэгээ буюу дардас байх ёстой.

Үүнд

  1. Үйлдвэрлэгчийн барааны тэмдэг,
  2. Сорьцын хяналтын газраас тухайн сорьцыг баталгаажуулсан “Сорьцын баталгааны тэмдэг” багтдаг.

Үнэт эдлэл нь он цагийн хугацаанд үнэ цэнээ огт алддаггүй учраас л үнэт эдлэл гэж нэрлэдэг. Урт хугацаанд хэрэглэгдэх учраас тухайн металл бүтээгдэхүүн дээр сорьцын баталгааны тэмдгийг дардаг юм.

Сорьцын баталгаатай үнэт эдлэл гэж юуг хэлэх вэ?
https://www.facebook.com/watch/?v=4767344443277862

- Тухайлбал, монет эдлэл дээр ихэвчлэн "585" гэж тэмдэглэсэн байдаг нь сорьцын баталгааны тэмдэг болж чадах уу?

- Турк болон Солонгос улсаас орж ирсэн импортын бүтээгдэхүүн дээр гурван оронтой цифр тавьсан байдаг. Энэ нь цэвэршилтийн цифр буюу тухайн үйлдвэрлэгч өөрөө тавьсан тэмдэглэгээ юм.

Гэхдээ үүнийг шууд хүлээн зөвшөөрөх нь өрөөсгөл гэдгийг хэлье. Учир нь БНСУ, Турк улсаас орж ирж байгаа үнэт эдлэлийн бүтээгдэхүүн ч дотоодын үйлдвэрлэгчийн нэгэн адил сорьцын баталгаанд хамрагдсан байх шаардлагатай. Тиймээс л худалдагчаас сорьцын баталгааны тэмдэг нь аль болохыг лавлах хэрэгтэйг зөвлөж байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн үйлдвэрлэгчийн тавьсан гурван оронтой тоог шууд хараад дүгнэлт хийж болохгүй бөгөөд баталгаажуулсан тэмдэглэгээ хажууд нь байх ёстойг санах ёстой.

Үнэт эдлэл бол нэг удаа хэрэглээд хаях бүтээгдэхүүн эсвэл өргөн хэрэглээний бараа биш. Тиймээс иргэд маань маш хариуцлагатайгаар нягт, нямбай үзэж, шалгасны үндсэн дээр худалдан авалт хийх хэрэгтэй.

- Хэрэв худалдаж авах гэж үнэт эдлэл нь сорьцын хяналтын баталгаагүй эсвэл хаяг шошгын зөрчилтэй байвал хаана хандах ёстой вэ?

- Худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүн чинь ямар нэг байдлаар эргэлзээтэй санагдвал нэн түрүүнд худалдан авалт хийхгүй байх л хэрэгтэй.

Магадгүй санамсаргүйгээр сорьцын хяналтын баталгаагүй бүтээгдэхүүн авчихсан тохиолдолд Стандарт хэмжил зүйн газрын 77005757 дугаарт эсвэл 1800-2525 хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авах дугаарт холбогдож мэдэгдэх боломжтой.

Хамгийн гол нь аль болох суурин, тогтмол үйл ажиллагаатай газраас авах нь зүйтэй. Мөн аль нэг газраас худалдан авалт хийсэн бол тухайн газраас авсан гэдгээ баталгаажуулах ямар нэг нотлох баримт байх ёстой.

Ийм байдлаар хэрэв гомдол гаргавал тухайн иргэний гомдлын дагуу шалгаж, худалдаа хийсэн талд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах боломжтой.

- Ер нь үнэт эдлэлийн сорьцтой холбоотой зөрчил мэдээлэл, иргэдийн гомдол Стандарт, хэмжил зүйн газарт хэр их ирдэг вэ?

- Энэ төрлийн гомдол манайд ирсэн тохиолдолд бид тухайн иргэний гомдлыг шалгаж, тухайн бүтээгдэхүүнийг буцаах, төлбөрийг нь буцаан барагдуулах байдлаар шийдвэрлэдэг. Тухайлбал, 2021 онд яг манайд хандсан хоёр иргэний асуудлыг шийдвэрлэсэн байна.

- Стандарт хэмжил зүйн газраас ААН-үүдэд хэр хугацааны давтамжтай хяналт шалгалт хийдэг вэ?

- Бид жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бид тухайн жилдээ аль, аль газарт хяналт шалгалтыг хэзээ хийхээ төлөвлөж батлуулаад тухайн төлөвлөгөөнийхөө дагуу ААН-үүдэд очиж ажилладаг.

Мөн иргэдийн гомдлын дагуу болон эрсдэл гарч болзошгүй цэгүүдэд төлөвлөгөөт бус буюу гэнэтийн шалгалт явуулан ажилладаг.

- Ярилцсанд баярлалаа