Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ цэнхэр дуулга өмссөн цэргүүдийн талаар Казахстанд гомдол гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Казахстанд гарсан мөргөлдөөний үеэр засгийн газрын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулагчдын цэнхэр дуулгыг өмссөн байжээ.

Алматы хотод цэргүүд ийм дуулгатай үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан зураг, дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тараад байв.

Тэгвэл Даваа гарагт НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид санал гомдлоо Казахстаны энхийг сахиулагчдын командлалд илэрхийлсэн. Тэдний тал асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авахаа хариу мэдэгдсэн” гэж ярьжээ.

“НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч аль ч улсын цэргүүд зөвхөн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс олгосон мандатын дагуу үүрэг гүйцэтгэхдээ НҮБ-ын таних тэмдгийг ашиглах ёстой” гэж тэр нэмж тайлбарласан юм.

Харин Казахстаны тал НҮБ-д өгсөн хариу мэдэгдэлдээ нэлээд эргэлзээтэй тайлбар хийсэн байна.

“Алматы хотод гарсан хүчирхийлэл, үймээн самууны үеэр Казахстаны батлан хамгаалах яамны харьяа Энхийг Сахиулагчдын анги (Казбат) хотын стратегийн ач холбогдолтой байгууламжуудыг террористууд, экстремистүүдээс хамгаалахад туслах даалгавар авсан юм. Манай энхийг сахиулагчид албан ёсны дүрэмт хувцасныхаа нэг хэсэг болох дуулгыг энэ үеэр өмссөн ч “UN” (НҮБ) таних тэмдгийг ашиглаагүй болно” гэж Казахстаны тал тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP