Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дундад зууны Англичууд дайнд давжаа биетэй морь унадаг байсныг археологичид илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Кино, уран зохиолд дундад зууны Английн дайчид өндөр, том биетэй морь унадаг тухай үргэлж харуулдаг.

Тэгвэл хэсэг эрдэмтэд тухайн үед дайнд ашиглаж байсан олон тооны адууны ясыг судлаад бодит байдал дээр өөр байсныг тогтоожээ.

Британийн археологичид, түүхчдийн хамтарсан баг дөрвөөс 17 дугаар зууны үеийн Английн цайз, шилтгээнүүдээс олдсон 2,000 орчим адууны ясыг цуглуулж шинжилсэн байна. Үүнээс гадна тухайн үеийн түүхэн бичвэрүүдийг орчин үеийн уран зохиолтой харьцуулан судалжээ.

 

“Бодит байдал уран зохиолд дүрсэлдгээс өөр байсныг тогтоолоо. Гайхалтай нь дундад зууны ихэнх адуу итгэмээргүй жижиг биетэй байжээ. Өнөөдрийн төсөөлдөг шиг том биетэй морьд маш цөөхөн тааралдлаа” гэж Экзетэрийн Их сургуулийн археологийн тэнхимийн профессор Алан Аутрам судалгааныхаа үр дүнгийн талаар ярьсан байна.

Түүний өгсөн мэдээллээр дундад зууны үеийн дайнд унаж эдэлж байсан ихэнх морьд 147 см хүрэхгүй өндөртэй байжээ. Энэ нь өнөөдрийн одой морьдын хамгийн өндөртэй чацуу гэсэн үг юм байна.

Тухайлбал Уилтшир гүнлэгийн Троубриж цайзаас олдсон Норманы үеийн 152 см өндөртэй нэг морь бусад олдворуудаасаа өндөрт тооцогдож байжээ.

Аутрамын дүгнэснээр дундад зууны үед том биетэй адуу байсан ч дайнд жижиг, хөнгөн биетэй нь илүү зохимжтой байсан байж магадгүй гэнэ. Жишээ нь ухарч буй дайсны араас элдэж хөөх, холын замд аялах, зарим техник хэрэгсэл тээвэрлэхэд жижиг биетэй морь илүү их хэрэглэгддэг байсан гэж тэр таамаглажээ.

Гэхдээ дундад зууны адуу маллагчид ажилдаа сайн байгаагүй эсвэл арчилгаа муу учраас адууны хэмжээ жижиг байсан гэж дүгнэж болохгүйг Аутрам бас хэлсэн байна.

“Ялангуяа 13-14 дүгээр зууны язгууртнууд адуундаа маш их анхаарал тавьдаг байсан. Тэд хүмүүсээс илүү адуунд мөнгө зардаг байв” гэж тэр ярьжээ.

Түүний багийнхан одоо адууны хөө хуяг, адууны яснаас авсан эсийн шинжилгээгээр судалгаагаа улам өргөжүүлж, илүү нарийвчилсан мэдээлэл боловсруулахаар бэлдэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian