Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны эрх баригчид нутгийнх нь жааз хөгжимчнийг “гадаадын террорист” гэж нэрлээд киргизүүдийг бухимдуулав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Казахстаны төрийн өмчит Qazaqstan телевизийн суваг төрийн эргэлт хийхийг оролдсон гадаадын террористуудын нэгийг үзүүлжээ.

Нүүрэндээ зодуурын шарх сорвитой тэрбээр “Нэгдүгээр сарын 1-ний өдөр танихгүй хүмүүс надтай холбогдоод Казахстанд ирвэл 90,000 тэнгэ ($207) өгье гэсэн. Киргизстанд би ажилгүй байсан тул үүнийг нь зөвшөөрсөн” гэж ярьсан байна.

Террористын гэх дүрс бичлэг удалгүй сошиал сүлжээнд тарж, Киргизийн иргэд түүнийг Казахстанд байнга очдог, өөрийнх нь жааз хөгжимчин Викрам Рузахунов болохыг таньжээ. Эх орон нэгтнийг нь террорист гэж цоллосонд киргизүүд бухимдаж, Бишкек хот дахь Казахстаны элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Киргизийн үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Камчыбек Ташиев энэ үеэр “Викрам Рузахуновыг террорист гэж сэжиглэх, шүүх ямар ч үндэслэл байхгүй. Бид өөрийн иргэнийг гэмт хэрэгт, тэр тусмаа терроризмд тэднээр буруутгуулахгүй” гэж мэдэгджээ.

 

 
Камчыбек Ташиев

Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнууд өнгөрсөн долоо хоногт Казахстанд цэргээ энхийг сахиулах үүрэгтэй оруулахад Киргизстан улс 150 цэрэг илгээх шийдвэр гаргасан нь тус улсын иргэдийн зарим хэсгийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Олон хүн үүнийг утга учиргүй, шаардлагагүй алхам гэж шүүмжилж байжээ.

 
Казахстанд цэрэг илгээхийг эсэргүүцэж буй иргэд

Энэ шийдвэрийн дараа Викрам Рузахуновын мэдээ цацагдсан нь Казах-Киргизийн харилцааг улам муутгаж байна.

Нэгдүгээр сарын 2-ны өдөр Казахстанд очиход нь тажик, узбек үндэстэн 10 орчим хүн хүлээж авсан тухай Рузахунов телевизээр ярихдаа бас дурджээ.

Харин хамаатан саднууд нь түүнийг арванхоёрдугаар сарын 16-нд Алматы хот руу концертод оролцохоор ниссэн тухай мэдээлсэн байна.

Өчигдөр Рузахунов суллагдаж, эх орондоо буцаж иржээ. Ирснийхээ дараа тэр Казахстаны цагдаа нар түүнийг эрүүдээгүй, баривчлагдах үеэр нүүрэндээ цохиулсан гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Тэр бас эх орондоо түргэн харихын тулд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн юм.

 
Рузахунов эх орондоо ирсний дараа

Киргизийн өөр таван иргэн Казахстанд баривчлагдсан тухай мэдээллийг Бишкекийн албаныхан хүлээж авчээ. Рузахуновын ярьснаас үзвэл Казахстан дахь бусад Төв Азийн орнуудын цагаач ажилчдад террорист нэр хаяг зүүж, золиос болгох магадлалтай гэж тэд болгоомжилж байна.

Киргизийн гадаад хэргийн яам Казахстаны тал өөрийнх нь баривчлагдсан иргэдийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгааг  шүүмжилжээ. Тус яамнаас Рузахуновын асуудлаар Казахстаны ерөнхий прокурорын газарт эсэргүүцлийн бичиг илгээсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe