Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалт өнгөрсөн Баасан гарагт болов.

Энэ үеэр ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбох тухай Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням хэллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн төв, 106 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон.

Ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 18,800 түр, байнгын 6,900 ажлын байр бий болж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Үүнээс гадна хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, төлөвлөлт, агаарын тээврийн салбарт хэрэгжих төсөл, хуурай боомт байгуулах, Хөшигийн хөндийн тээвэр ложистикийн HUB байгуулах зэрэг зорилт бий.

Дээрх ажлууд хэрэгжсэнээр тээвэр ложистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх нэмэгдэж экспортын хэмжээ 857.6 сая доллароор нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, хөгжлийг дэмжинэ, дотоодын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт сайжирч, тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм” гэв.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам