УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хуулиар төрийн бус байгууллага нийтэд тустай үйл ажиллагаа явуулна гэж байна. Мөн төрийн бус байгууллага нь цөөнхийн эрх ашгийг хамгаална, улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй, ийм чиг үүрэг хэрэгжүүлэхгүй гэсэн байна.
Цөөнхийн эрх ашгийг хамгаална гэдэг нь цэвэр улс төрийн агуулга харагдаж байна.
2008 оны хавьцаа санагдаж байна Ахмадын чөлөөт холбоо гэдэг ТББ тэтгэвэр нэмүүлэхээр жагсаал зохион байгуулсан. Араас нь Оюутны холбоо нэмэгдсэн. Тэд Төрийн ордны зүүн тал руу чулуу шидэж, бүх цонхыг нь хагалж байсан. Тэр бол төрийн бус байгууллагаар халхавчилсан улс төрийн үйл ажиллагаа байсан. Бид бүх төрийн бус байгууллагын нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байна гэдэг нэрээр улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулдаг байдал руу явж байна уу үгүй юу. Үүнийг тодруулмаар байна.
Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь давхарддаг олон холбоо байна. Жишээ нь, уяачдын хоёр холбоо байна. Нэг хүн 34 төрийн бус байгууллага эзэмшиж байна гэхчлэн. Энэ мэтийн асуудлыг зохицуулах заалт энэ хуулийн төсөлд харагдахгүй байна.
Гуравдугаарт, эдийн засгийн холбоо гэдэг юм байгуулагдана гэж зохион байгуулалтыг нь хуульд албаар оруулж өгч байна. Жишээ нь, Банкны холбоо гэдэг шиг. Тэгэхээр цаашид салбар бүр дээр гарч ирэх нь. Нефьт, талх үйлдвэрлэгчдийн холбоо гэхчлэн бүх мэргэжлээр эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдсэн ТББ-ын зохион байгуулалт бий болно. Энэ нь эргээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалж, төрийн бодлогод нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа хийгдэж эхэлнэ. Яагаад гэвэл бид бүтцийг нь хуульчлаад өгөх гэж байна.
ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Нийтэд тустай үйл ажиллагаа явуулах дээр 16 чиглэлийн үйл ажиллагаа байгаа. Цөөнхийн эрх ашгийг хамгаална гэдэг нь нийгэмд байгаа цөөнхийн олон бүлэгт хамаатай. Магадгүй бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах нь нийтэд тустай үйл ажиллагааны нэг хэсэг байж болох юм гэж оруулж ирсэн.
Давхардсан холбоодын тухайд Үндсэн хуулиар олгогдсон хүний эвлэлдэх нэгдэх эрхийг хязгаарлах боломжгүй. Зөвхөн мэргэжлийн холбоон дээр л харьцангуй олохоос бүрдсэн байх шаардлага тавьж байгаа.
Харин санхүүгийн тайлангаа хоёр жил буюу найман улирал гаргаагүй тохиолдолд тухайн холбоог улсын бүртгэлээс хасах, холбоог татан буулгах нөхцөл байдал бүрдсэн тохиолдол шүүхэд хандах зэргээр үйл ажиллагааг нь зохицуулна.
Эдийн засгийн холбоод өнөөдөр ч байгаа. Жишээ нь, архи үйлдвэрлэгчдийн, хүнсчдийн, арьс шир боловсруулагчдын гэхчлэн холбоод байгаа. 1997 оноос хойш хуулийн этгээдүүд нэгдэж холбоо байгуулах асуудал нээлттэй болсон. Тиймээс зах зээлд монопол болон давуу байдал тогтоох, валютын ханшид нөлөөлөх зэрэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!