Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Төрийн бус байгууллагын бүртгэл замбараагаа алдсан гэж хэлж болохоор байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Тодорхой мэргэжлийн холбоодыг улстөрчид даргалж сүүлдээ маш их асуудал дагуулж, улстөржилт явагддаг. Спортын болон урлагийн холбоод байна. Үүнд ямар зохицуулалт хийх вэ? Энэ бол буруу. Мэргэжлийн хүмүүс нь холбоодоо хариуцаад явдаг баймаар юм. Төрийн захиргааны хүмүүс төрийн ажлаа олигтойхон хийгээд явбал. Зарим салбарт үйл ажиллагаа нь жигдэрсэн холбоод байна. Гэтэл зарим нь төрийн байгууллагад эрх мэдлээ хадгалах сонирхолтой байдаг.

Гадаадаас санхүүжилт авдаг холбоод байх шиг байна. Төрийн бус байгууллага байгуулж бизнес хийдэг тохиолдол бий. Энэ асуудал дээр ямар зохицуулалт орж ирэх вэ? 143 хууль дагаж өөрчлөгдөж байна гэхээр төрийн бус байгууллагын бүртгэл замбараагаа алдсан байна гэж хэлж болохоор байна" хэмээн асуув. 

Ажлын хэсгээс "Холбооны бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор хуулийн есдүгээр зүйлд үйл ажиллагаанд хориглох зүйл, удирдлагад тавигдах шаардлагыг тодорхой оруулсан. Хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн нам, улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах боломж ашгийн төлөө бус холбоодод бий болно.

Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтныг ажиллахыг хориглоно гэж заасан. Улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албан дарга гээд адилтгах албан тушаалтан мөн хамаарна.

Мэргэжлийн холбооны тухай ерөнхий зохицуулалтыг хуульд тусгасан. Гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага, тус байгууллагыг хариуцдаг төлөөлөгчийн газрын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг.

Харин гадаадаас санхүүжилт авахтай холбоотой асуудлыг хуульд оруулсан. Холбооны санхүүжилт нь хууль ёсны эх үүсвэрээс байх ёстой, гадаадаас болон хувь хүн хуулийн этгээдээс өгсөн хандив тусламжаар санхүүжиж болно. Гадаад улсын тусгай албат, халхавч байгууллага, мөнгө угаах террорист бүлэг, экстримит үйл ажиллагаа явуулдаг хувь хүн байгууллагаас холбоод санхүүжилт авахыг хориглосон. Санхүүжилтээ тайлагнах тухай тодорхой тусгалаа" гэдгийг хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/631370468111430