Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч өссөн. Үүнээс жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэвч бодит байдал дээр жилд ердөө 7-15 тэрбум төгрөгийг хуулийн дагуу, 16-20 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж байна.
Хуулийн хэрэгжилт 50 хүрэхгүй хувьтай, хангалтгүй байгаа нь журмын зөрчил, хийдлийг засах, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа салбарын сайд онцлов.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчилсэн хувилбар батлагдсанаар дараах үр дүн гарна.
Журмын төсөл батлагдсанаар жил бүр зориулалт бусаар зарцуулагдаж буй байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 16-20 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу зарцуулах, нэгдсэн стандартын дагуу төлөвлөх, тайлагнах, иргэдэд ил тод, нээлттэй байх мэдээллийн тогтолцоо бий болж хуулийн хэрэгжилт хангагдана.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!