Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФЛЯЦЫН ТАЙЛАН: 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж инфляц алгуур буурах хүлээлттэй байна

ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны 11 дүгээр сард инфляц улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10 хувьд хүрээд буй. Бараа, үйлчилгээний үнэ ийнхүү өсөхөд махнаас бусад хүнсний бүлэг болон шатахууны үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Монголбанкнаас улирал тутам гаргадаг Инфляцын тайланд дурджээ.

Инфляцад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг тус тайланд тайлбарласныг хүргэе.

Махны үнэ: улирлын хандлагаараа 11 дүгээр сард алгуур хямдарч жилийн инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлж байна. Тодруулбал, үхрийн махны үнэ өсөх хандлагатай байсан бол бусад төрлийн мах буурчээ. Орон нутагт дэгдсэн малын гоц халдварт өвчин нь голлон үхэрт халддаг учраас үхрийн махны нийлүүлэлтэд тавих хяналт чангарахаас гадна, нийлүүлэлтэд нь сөргөөр нөлөөлсөн байж болохоор байна.

Махнаас бусад хүнс: Хил хаагдсантай холбоотойгоор 10 дугаар сард үнэ нь огцом өссөн импортын нарийн ногоог төмөр замын тээврээр татан авах замаар нийлүүлэлтийг дэмжсэн нь үнэ 20 орчим хувиар эргэн буурахад нөлөөлжээ. Харин хүнсний ногооны бүлэгт өндөр жин эзэлдэг дотоодын хүнсний ногооны хувьд үнэ нь өссөн байна. Ийнхүү хүнсний ногооны бүлгийн инфляцад үзүүлэх нөлөө 0.9 нэгж хувь болж нэмэгдлээ. Түүнчлэн нарийн ногооноос бусад импортын хүнсний үнэ мөн өсөж, инфляцад үзүүлэх нөлөө нь 0.7 нэгж хувьд хүрч нэмэгдсэн байна. Замын-Үүд боомтын ачаа тээвэр саатсан, олон улсын хүнсний үнэ өндөр байгаа, тээврийн зардал өссөн зэрэг нь үнэ өсөх үндсэн шалтгаан болжээ.

Шатахууны үнэ: 11 дүгээр сарын байдлаар 2021 оны эхнээс төрлөөсөө хамааран 700-750 орчим төгрөгөөр өсөн инфляцыг 2 нэгж хувийг бүрдүүлжээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ (11 дугаар сарын дундаж үнэ брент газрын тос $81/баррель) өндөр байгаа нь хилийн үнээр дамжин дотоодын шатахууны үнэ өсөх үндсэн шалтгаан болсоор байна.

Хатуу түлш: Энэ бүлэгт багтдаг түлшний модны үнэ галлагааны улиралтай уялдан өсөж инфляцын 0.7 нэгж хувийг бүрдүүлж байна. Харин 10 дугаар сараас Засгийн газрын шийдвэрийн хүрээнд сайжруулсан түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж буй нь инфляцыг -1.4 нэгж хувиар бууруулах нөлөөтэй байгааг дурджээ.

2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж инфляц алгуур буурах хүлээлттэй байна

2022 оны эхний хагаст инфляц зорилтот түвшнээс давахаар байгаа нь голлон өмнөх онд инфляц буурсан суурь үеийн нөлөө болон нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр тайлбарлагджээ.

Тухайлбал, хилийн боомтын хязгаарлалтаас үүдэлтэй импортын хүнсний барааны үнийн өсөлт, тээврийн зардлын өсөлт болон малын өвчлөлтэй холбоотой махны үнийн өсөлт зэрэг нь ирэх оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй ч 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж инфляц алгуур буурах хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл инфляц Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцолжээ.