Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа АНУ-ын “дээрэнгүй зан” нэмэгдсэнийг Горбачёв хэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ыг задарсны дараа Вашингтоны “дээрэнгүй зан, өөртөө итгэлтэй байдал” хэт нэмэгдсэний үр дүнд NATO хүрээгээ тэлэх болсон тухай тус улсын сүүлчийн төрийн тэргүүн асан Михаил Горбачёв өчигдөр ярьжээ.

Тэрбээр ЗХУ-ын төрийн тэргүүнээс огцорсныхоо 30 жилийн ойд зориулж, Оросын РИА Новости агентлагт ярилцлага өгсөн юм байна.

Сүүлийн жилүүдэд NATO хүрээгээ дорнод Европд тэлж, ОХУ-ын хилд тулж ирснийг ерөнхийлөгч Владимир Путин байнга анхааруулах болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Москвагийн эрх баригчид АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын эвслээс “аюулгүй байдлын баталгаа” гаргаж өгөхийг шаардсан юм.

“АНУ болон Өрнөдийнхөн ийм байдалтай байхад яаж эрх тэгш харилцааны тухай ярих юм бэ? Тэдний дээрэнгүй зан, өөртөө итгэлтэй байдал улам нэмэгдсэн. Тэд өөрсдийгөө Хүйтэн Дайны ялагчаар зарласан” гэж одоо 90 настай Горбачёв ярьжээ.

Тэрбээр сүүлийн үед Москва-Вашингтоны хооронд яриа хэлэлцээ эхлэх талаар яригдах болсныг сайшааж, ямар нэг нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Москвагаас тавьсан шаардлагад NATO дахин шинэ гишүүн улс нэмэхгүй байх, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад цэргийн бааз шинээр байгуулахгүй байх хоёр гол нөхцөлийг тулгасан юм.

Талуудын аль аль нь тавьсан шаардлагын талаар ирэх оны эхээр хэлэлцэх сонирхлоо илэрхийлээд байна.

Беларусь, Украин, Оросын удирдагчид ЗХУ байхгүй болсныг зарласнаас хэдхэн хоногийн дараа буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Горбачёв албан тушаалаасаа огцорч байжээ.

Зөвлөлтийн үед КГБ-ын тагнуулын ажилтан асан Владимир Путин уг үйл явдлыг “20 дугаар зууны хамгийн том геополитикийн гамшиг” гэж нэрлэж байсан удаатай.

 

Эх сурвалж: AFP