Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чили улсын иргэд 35 настай "коммунист" залууг ерөнхийлөгчөөрөө сонголоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Латин Америкийн Чили улс шинэ залуу ерөнхийлөгчтэй болжээ.

35 настай, зүүний үзэлт Габриэл Борич тус улсын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болсон байна. Тэрбээр сонгогчдын 56 хувийн санал авч, консерватив өрсөлдөгч Хосе Антонио Кастыг ялжээ.

Каст сонгуулийн дүн албан ёсоор гарахаас өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрч, Боричид баяр хүргэсэн байна.

Өнгөрсөн шөнө Чилийн нийслэл Сантьяго хотын гудамж талбайд олон мянган хүн цугларч, ялалтын баяраа тэмдэглэжээ.

Өрсөлдөгчид нь “коммунист” хэмээн шүүмжилж байсан ч нийгмийн баялгийг тэгш хуваарилах, чинээлэг хэсгийн татварыг нэмэгдүүлэх амлалтаараа Борич олонхын саналыг авч чадсан байна.

Түүний өрсөлдөгч Каст дарангуйлагч Августо Пиночетын дэглэмийн үеийн харгислалыг уучилж, нео-либерал эдийн засгийн загварыг нь хамгаалдаг хүн юм. Пиночетын дэглэмийн үед Чили улс эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн ч баян, хоосны ялгааг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүртэл гүнзгийрүүлсэн гэдэг.

Энэ удаагийн сонгуулийн ирц 55 хувийг давсан нь 2012 оноос хойших сонгуулиудын хамгийн дээд үзүүлэлт болсныг Чилийн сонгуулийн хороо мэдээлсэн байна.

Хорват гаралтай Борич улсынхаа түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болж байгаагаас гадна дэлхийн төр засгийн тэргүүнүүдийн дотор бас залууд тооцогдож байна. Түүнээс нас залуу ганцхан удирдагч байгаа нь Европын Сан Марино хот улсын тэргүүн Жакомо Симоничи юм.

 

Эх сурвалж: AFP