Америкийн Нью-Йорк хотноо \түүнчлэн Лондон, Ванкувер, Белфаст болон бусад хотуудад\ Сантакон буюу оролцогчид нь Санта Клаусын хувцас, гацуур, буга, эльфүүдийн хувцас өмсөн хөгжилддөг зул сарын зугаалга болжээ.
Олон жилийн уламжлалтай энэхүү арга хэмжээний оролцогчдын зорилго нь буяны ажилд мөнгө цуглуулах сонирхолтой байсан гэнэ.
Анхлан энэ арга хэмжээ хорин жилийн өмнө Сан-Франциско хотод болж байжээ. Улмаар Сантаконд бусад хотууд нэгдэж өдгөө дэлхийн 300 гаруй хотод явагддаг болсон байна. Хэдийгээр зул сарын ёслол хөгжилтэй болж өнгөрдөг ч цугласан олон хүмүүс наргиж цэнгэх нь хэрээс хэтэрдэг учир жил бүр хөлчүүрхэгсэд хоорондоо нударга зөрүүлэх явдал гардаг гэнэ. Тиймдээ ч согтуугаар жолоо барьсан, хөлчүүрхсэн, олон нийтийн дэг журмыг зөрчсөн зэрэг шалтгаанаар олон хүмүүс баривчлагддаг юм байна.
2013 онд Нью-Йоркийн Сантакон зохиогдохоос өмнө олон цэнгээний газар арга хэмжээнд оролцогчид хэт их ууж, хогон овоо үүсгэдэг гэсэн шалтгаанаар тэднийг хүлээн авахаас татгалзжээ.
Хэдийгээр олон баар, цэнгээний газар Санта Клаусуудыг хүлээн авахаас татгалзсан ч Сантаконы өргөн зугаалга уламжлал ёсоор зохион байгуулагдаж, мөн л хууль журам зөрчсөн олон тохиолдол гарсан байна.
Жишээлэхэд л баярын үеэр хэт халамцсан Санта Клаусууд хоорондоо зодолдож, гудамжинд морь харж, гудамжинд явж буй хүмүүс рүү агсамнасан зэрэг таагүй авир гаргасан гэнэ. Тиймдээ ч хүүхдүүдийг баярлуулах зорилготой ч зорилгоо умартсан хэд хэдэн дэггүй Санта баярын ширээний ард биш торны цаана хэдэн цагийг сууж өнгөрөөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!