Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эпштейний хувийн онгоцоор хунтайж Эндрью, ерөнхийлөгч асан Трамп, Клинтон нар зорчиж байсныг нисгэгч нь гэрчлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эпштейн, Максвелл нарын гэрэл зураг

Америкийн санхүүч, олон саяын хөрөнгөтэй Жефри Эпштейн агсантай холбоотой хүний наймааны хэргийн шүүх хурал энэ долоо хоногт Нью-Йорк хотод эхэлсэн юм. Энэ хурлаар Эпштейний баруун гар, охид бүсгүйчүүдийг олж, зуучлах үүрэг гүйцэтгэдэг байсан хатагтай Гислэйн Максвеллыг шүүж байна.

Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг.

Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

Их Британийн хэвлэлийн магнат агсан Роберт Максвеллийн охин, 59 настай Гислэйн Максвелл насанд хүрээгүй охидыг Эпштейнд зуучилсанд буруутгагдаж, түүнд прокурорууд зургаан төрлийн ял тулгаад байгаа. Хэрвээ буруутай нь шүүхээр тогтоогдвол Максвелл 80 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Мягмар гарагт болсон шүүх хуралд Эпштейний хувийн нисэх онгоцны нисгэгчээр 30 орчим жил ажилласан Лоренс Висоски гэрчээр оролцжээ.

Түүний мэдүүлснээр бол хатагтай Максвелл бүх нислэгийн хуваарийг тогтоодог байсан гэнэ. Ингэхдээ тусгай хүндэт зорчигчдыг дэлхийн хэд хэдэн улс орнуудад байдаг Эпштейний тансаг харш, эдлэнгүүдэд хүргэх ажлыг гүйцэтгэж байжээ. Тэдний дотор Их Британийн хатан хааны хүү, хунтайж Эндрью, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Билл Клинтон нар байсныг нисгэгч гэрчилсэн байна.

Мөн Холливүүдийн од Кэвин Спэйсид нэг удаа үйлчилж байснаа Висоски мэдүүлжээ.

Гэхдээ тэр хүндэт зорчигчдыг тээвэрлэж явахдаа онгоцон дотор ямар нэг бэлгийн харилцаа үүсэж байсныг хараагүйгээ шүүгчдэд мэдүүлсэн байна.

Нислэгийн үеэр нисгэгчийн бүхээгийн хаалга үргэлж хаалттай байдаг байсныг тэр хэлжээ.

Мөн хүндэт зорчигчтой хамт насанд хүрээгүй охид зорчиж байсныг санахгүй байгаагаа мэдүүлсэн байна.

Өчигдрийн хуралд бага залуу насандаа Эпштейн, Максвелл нарт ашиглуулж, хохирогч болж байсан дөрвөн эмэгтэй гол гэрчээр оролцжээ.

Максвелл танилцсан охидоо дэлгүүр, үзвэр үйлчилгээний газруудаар дагуулан явж, зугаалуулсны эцэст Эпштейнд хүргэж өгдөг байсныг гэрчүүд мэдүүлсэн юм. Эпштейнтэй унтсаны дараа Максвелл охидод мөнгө өгдөг байсныг тэд бас гэрчилжээ.

Одоогоор Эпштейний хэрэгтэй холбоотой шүүгдэж байгаа цорын ганц хүн нь Гислэйн Максвелл юм. Түүний шүүх хурал зургаан долоо хоног үргэлжлэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: AFP