Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн АЯН ЭХЭЛЛЭЭ

A.Жаргал
2021 оны 11 сарын 25
iKon.MN
 

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Туушин зочид буудлын Сүлд танхимд 09:30-11:00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Энэ оны аяныг “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” уриан дор 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулна. 

Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд НХХЯ-ны Сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин Төлөөлөгч Др. Сергей Диордитса, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Баярсайхан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн Захирал Др.Степани Бурри, НҮБ-ын Хүн Амын Сангийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч  Лорна Роллз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэллээ. 

Өмнөх жилүүдэд 16 хоногийн аяныг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд чиглүүлэн, ЖСХ–ийг ихэвчлэн “эмэгтэйчүүдэд хамаатай” асуудал гэж харж зөвхөн хохирогчийг хамгаалах чиглэлд илүүтэй анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бол энэ удаад хэдийгээр эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч тэднийг энэ асуудлын гадна үлдээсээр байна[1] гэж үзэж байна.

Иймээс,  энэ жилийн аяныг Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь  хүн бүрд хамаатай асуудал гэсэн үндсэн агуулгыг олон нийтэд хүргэх, хамгийн энгийн хэлбэрийн хүчирхийллийн тохиолдлыг зүгээр хараад өнгөрүүлэх нь олон нийт тухайн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, хор хөнөөл бүхий ийм үйлдэл үргэлжлэх боломжийг олгож байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьж байна.

Иймээс эрэгтэйчүүд, хөвгүүдийг олноор татан оролцуулж, ЖСХ/ГБХ-ийг таслан зогсооход тэдний манлайлал, идэвхтэй оролцоог хангахад онцлон анхаарах нь зүйтэй байгаа бөгөөд  “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” аяныг эрэгтэйчүүдийн манлайлал, үлгэрлэл, зөв үйлдлээр уриалан эхлүүлэх юм.

2021 оны 16 хоногийн аяны хүрээнд хувь хүмүүсийг тэдний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа ЖСХ-ийн эсрэг зогсож, манлайлан оролцох боломжийг бүрдүүлэх тийм орон зайг олон нийтийн дунд бий болгох, үлгэр дуурайл үзүүлэхүйц чадавх эзэмшихэд нь туслахуйц арга хэмжээнүүдэд хамруулахаар олон үйл ажиллагааг  зохион байгуулж эхлээд байна.

Тухайлбал, ЖСХ-ийн асуудлаарх цуврал хэлэлцүүлгүүд,  “Хөндлөнгийн ажиглагчаас Нөлөөлөгч болох нь” арга зүйн сургалтууд,  Бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх (БМХ) сургалт, Бидний дуу хоолой, ЖСХ-ийн даван туулагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, Хүйсээр ялгаварлах байдал, итгэл үнэмшил олон нийтийн дунд хэр тархсан байдлыг тандах зорилгоор богино асуулт хариулт буюу quiz-ийг олон нийтийн дунд цахимаар түгээх , нөлөөллийн видео постер, комик бүтээл, подкаст зэрэг олон хэлбэрээр нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж эхлээд байна. 

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн үйл ажиллагаа:

https://www.facebook.com/iKonNews/videos/606615074009450

Мэдээллийн талаар холбогдох: Ц.Мөнхдэлгэр, - 99088148, 70071114

ЖҮХАА-ны олон нийтийн жендэрийн боловсрол

соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн


1 Монгол улсад 2021 оны эхний хагаст бүртгэгдсэн ГБХ-ийн гэмт хэргийн үйлдэгчдийн 95.8% нь эрэгтэйчүүд байв.  Эх сурвалж: ГХУСАЗЗ, 2021