Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд "Шинэ хоршоо"-г загвар болгон хөгжүүлнэ

ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, малчдыг нэгдэн нийлж хоршоо хэлбэрээр ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төвлөрөн ажиллаж байна. Үүний хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа тэргүүтэй баг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж, малчдад биржийн үйл ажиллагаа болон загвар хоршооны төсөл, Техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж, санал солилцлоо.

 

Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улаанбаатар хотоос 465 километрт оршдог. 1960 хүн амтайгаас 400 орчим нь малчин өрх. Тус сумынхан 2017 оноос хойш аравтын зохион байгуулалттай болж, аливаа үйл ажиллагаанд аравтаараа нэгдэн оролцдог болсон онцлогтой. Тиймээс малчид хамтран нэгдэж ажиллахад хэдийнээ суралцсан учир тус суманд анхны загвар хоршоог байгуулж, хөгжүүлэх үндэс суурь бүрдсэн гэж үзэж байна.

 

Малын гаралтай түүхий эдэд үндэсний стандартын дагуу анхан шатны тордолт хийж, биржийн арилжаагаар дамжуулан малчид сумаасаа үндэсний үйлдвэрүүдэд шууд борлуулдаг тогтолцоог бий болгоход малчдын нэгдэл хоршоо чухал үүрэгтэй. Тиймээс сум бүрд “шинэ хоршоо”-г бий болгож, хөгжүүлэхийн эхний алхам ийнхүү Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхэлж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажилласан. Цаашид загвар хоршоог байгуулан, хөгжүүлэхэд биржээс гадна сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, олон улсын төсөл хөтөлбөр болон малчдын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа. 

 

Тус сумын иргэдийн хувьд нэгдэж хамтран хоршоолох нь цаг хугацаа, зардал хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлэх олон талын ач холбогдлыг сайшаан, хоршоо хэлбэрээр ажиллах сонирхолтой байгаагаа хэлж байлаа.

 

2021 оны 5-р сарын 6-ны өдөр “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдсанаар хоршооны үйл ажиллагааг олон талаар дэмжих боломж бүрдсэн байна.  

Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, хөрөнгө оруулалт татах, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник технологи, санхүүгийн дэмжлэг авах, хоршооны гишүүнд ногдох орлогыг хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах, хоршоонд оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр тэг эрхийн үндсэн дээр хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болжээ.