Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол залуус цахиур хагалах цаг айсуй"

ikon.mn
2021 оны 11 сарын 24
Сурталчилгаа

22-хон насандаа олон улсын тавцанд өрсөлдөх “Social Learning Platform”-г хөгжүүлж Монголын томоохон группээс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад зогсож буй энтерпренер О.Төрмөнхийн амжилтын түүх Сократус Стартап Студиотой холбогдсоноор эхэлдэг.

 
 

Гарааны бизнес хэмээх мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санааг тасралтгүй хөгжүүлж хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой бизнесүүд цаг тутамд хэдэн арваараа төрж байна. Харамсалтай нь эдгээр бизнесүүдийн 90% нь бүтэлгүйдэж 10% нь зах зээлд амьдардаг гэсэн судалгаа байдаг.

“Хэний ч дуулаагүй жижиг компаниуд олон арван, зуун жил ажилласан том корпорацуудыг дампуурал уруу түлхэж олон арван хөрөнгө оруулагчийн зүрхэнд шар ус хуруулж, олон арван хөрөнгө оруулагчийн шохоорхлыг төрүүлж байна. Цахиурын хөндий хэмээх нэрээр овоглосон энэхүү хувьсгал нь хүн төрөлхтнийг бүхэлд нь хамарсан их өөрчлөлтийг өдөөж маш их нөөцийг татаж байна. Хэдийгээр маш олон иргэн, компаниуд, төрийн байгууллагууд, олон улсын институтүүд асар их хүчин чармайлт гаргаж “startup” хэмээх аливаа санаачилгыг чухамхүү хүүхэд мэт бөөцийлж, бойжуулж байгаа боловч тийм эхлэл санаачилгуудын 10-аас  дөнгөж нэг нь урт хугацаанд тогтвортой орших чадвартай бизнес болон төлөвшиж байна. Түүгээр барахгүй “startup” хэмээх “шидэт “ үгийг луйвар, хууран мэхлэлтийг халхлах хаалт болгон ашиглаж хэн нэгэнд хэдэн тэрбум долларын хохирол учруулсан тохиолдлууд гарлаа. Энэ бүхэн бол энэхүү “startup“ хэмээх гайхамшгийнхаа мөн чанарыг танин мэдээгүй, амжаагүй байгаагийн л үр дагавар гэлтэй” хэмээн Сократусын хөрөнгө оруулагч Гүнд Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Жаргалсайхан “Гарааны компанийг дэмждэг байгууллагын түвшний экосистемийн жишиг загвар бүтээх нь” судалгааны тайландаа дурджээ.

Энэхүү амжилттай яваа 10%-д нь багтах, стартап хэмээх гайхамшгийнхаа мөн чанарыг танин мэдсэн нэгэн стартап бол www.melearn.mn платформ юм.

 

Facebook, Airbnb, Uber гэх мэт хэдэн арав, зуун тэрбум ам.доллароор үнэлэгдэх стартапуудын амжилт, хөгжлийн түүхийг бид мэднэ. Яг л тэдний хөгжлийн замаар явж буй гэлтэй Melearn багийнхан 2019 онд Сократус Стартап Студиогийн бойжуулах хөтөлбөрт хамрагдаж эхлэлийн хөрөнгө оруулалтаа татаж байсан бол өнөөдөр хөгжлийнхөө дараагийн шатны гараан дээр зогсож байна.

Melearn платформыг үүсгэн байгуулагч О.Төрмөнх СЭЗИС-д элсэн орсон цагаасаа гаднын цахим сургалтуудыг үзэж, суралцаж байхдаа яагаад монгол залуус эх хэл дээрээ дотоодынхоо чадварлаг залуусын туршлага мэдлэгээс суралцаж, өөрсдийн мэдлэгээ хуваалцах хялбар арга зам байж болохгүй гэж анхны санаагаа дэвшүүлж байсан бол өнөөдөр 200 гаруй хичээлтэй 60 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй www.melearn.mn платформ, melearn апп-ийг бий болгож, цаашлаад Social Learning Platform-ийг бүтээж олон улсын зах зээлд хүч үзэх зорилго тээн, барилгаар бол сууриа барьчихсан ажиллаж байна. Анх цахим сургалтын платформ бүтээнэ гэж байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд “Инновац бүтээнэ” гэдэг бол мэдлэг бүтээх үйл ажиллагаа гэдгийг танин мэдсэнээр тэдний зорилго олон улсад өрсөлдөх компанийг бий болгох болж өөрчлөгджээ. Бидний бодох, сэтгэх үйлдэл цэгцтэй бол бид инновацыг бүтээж чадна гэх итгэл үнэмшлийг бий болгосон нэгэн үеийн залуусын яриаг сонсоход бахархах сэтгэл, Монголоос юникорн төрөх цаг айсуй гэдэгт бат итгэл төрж билээ.

О.Төрмөнхийг жинхэнэ энтерпренер гэдгийг илтгэх шинж чанар бол өөрийгөө байнга хөгжүүлж, сүүлийн үеийн номыг цаг алдалгүй унших, түүнийгээ бусадтай хуваалцаж, шүүн тунгаан хэлэлцдэг дадал зуршил төдийгүй хувь хүнийхээ СҮДҮ-г төлөвлөчихсөн түүндээ хүрсэн эсэхдээ оношилгоо хийх дадал. /Жич: СҮДҮ гэдэг нь Системийн Үр Дүнгийн Үзүүлэлт гэх үгийн товчлол ба компанийнхаа зорилгыг хэмжих үзүүлэлтүүдээ нэгтгээд хэмждэг хэмжүүр нь юм байна/ Түүний хувь хүнийх нь СҮДҮ-ийн үзүүлэлт маш сонирхолтой. 7 хоногт 3 цаг ном унших, нэг удаа 2 цаг найз нөхөдтэйгөө ярилцаж суух, найз охиндоо … цаг зарцуулж хамт ямар нэгэн зүйл хийх гэх мэтээр үргэлжилнэ.

 

Тэд өнгөрсөн хугацаанд үндсэн апп-аа хөгжүүлэхээс гадна App Solution охин компаниа байгуулж хэд хэдэн стартапын апп-ыг хөгжүүлээд амжсан байна. Түүний нэг нь англи хэл сургалтын SAM апп юм. 

Ирэх 12 сард melearn багийнхан Сократусын хөтөлбөрөө төгсөх гэж байна. Хөтөлбөрөөс гараад бие даагаад явна даа гэх бяцхан айдас тээж байгаа нь яг л хүүхэд шиг бөөцийлж, бойжуулж дээ гэдгийг бататгана. Төрмөнх:  “Оо, би чинь эрх хүүхэд шиг л байдаг шдээ. Манай энийг яах юм вэ гээд л… Манайх чинь үндсэн багаараа цөөхүүлхнээ боловч манай компанийг хөгжүүлж байгаа баг бол том шүү дээ. Манай санхүү, ня-бо бүртгэлтэй холбоотой ажлыг хууль журам, стандартын дагуу Сократусын нягтлан, санхүүгийн шинжээчид бүртгэж тайлагнаад, чи энэ дээрээ анхаармаар байна, ингэмээр байна гээд зөвлөөд явчихна. Хуулийн асуудлаа хуульчтай нь хамтраад гаргачихна, компанийхаа үйл ажиллагааны журам, шийдлийнхээ талаар системийн шинжээчтэй яриад зөвшилцөөд хийчихнэ. Хөрөнгө оруулалт, бизнесийн хэлэлцээр, шийдлийн санаагаа Гүнд инвестментийн Бат-Ирээдүй захирал, Стартын Пүүжээ, Золбоо ахтай ярилцаад, санаа оноогоо солилцоод явчихна.

Тэрээр цааш “Би хувьдаа стартапаа дараагийн шатанд хүргэчихсэн гэхээсээ илүүтэйгээр амьдрал дээр үнэлж баршгүй бизнесийн сургуульд 2 жил сурсан даа” гэх хэрсүү үг түүний үеийнхнээс гарамгүй төлөв даруу зангийн илэрхийлэл байлаа. Мөн тэрээр компаниа хэвийн үйл ажиллагаатай систем болгож төлөвшүүлж чадсан нь дараагийн шатны том хэмжээний хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчийн итгэлийг хүлээх хөшүүрэг болсон гэдгийг онцолж байлаа.

 

Стартап бизнесээ эхлүүлнэ гэдэг шууд л нэг бүтээгдэхүүн хөгжүүлээд л болчих биш юм билээ. Ердөөсөө мэдлэг, мэдлэгийг бүтээх үйл ажиллагаа, тэгэхээр бидний бодох сэтгэхээс эхэлж байгаа юм байна лээ. Бодох, сэтгэхийг цэгцтэй алгоритмаар удирдаад дадал болгоод авчихвал бидний тархи бол агуу машин гэдгийг ойлгосон доо.


Сэтгүүлч: Ц.Батнасан

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.