Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Асрамжийн газруудыг нээлттэй болгоё

Д.Гэрэлцэцэг
2013 оны 12 сарын 16
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монголд

Манай сонин өмнөх дугаарууддаа гадаад эзэнтэй асрамжийн газруудаас хийсэн сурвалжлагыг хүргэж байсан.

Гадаадын иргэн манайд асрамжийн газар байгуулахад яаж хөөцөлддөг талаар сонирхож Гадаадын иргэн, харьяатын газраас зарим мэдээллийг олж авлаа. Хэрэв гадаадын иргэн асрамжийн газар, сайн дурын төрийн бус байгууллага ажиллуулах гэж байгаа бол хувийн хэргээр оршин суух виз олгодог аж.

Визний хугацааны хувьд жил бүр сунгуулах журамтай байдаг юм байна. Манайд оршин суух визээ авлаа гэхэд асрамжийн газар байгуулахад яадаг талаар Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө үндэсний төвийн утас руу залгалаа.

Тэд “Өмнө нь манай харьяанд байсан одоо мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгөв.

Эцэст нь Хүүхдийн үндэсний төвийн асрамжийн газар хариуцсан мэргэжилтнээс бага зэрэг мэдээлэл олж авлаа. Гадаадын иргэн хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмын дагуу тухайн дүүргийнхээ Засаг даргад өргөдөл, хүсэлтээ гаргадаг аж. Үүнийг нь Засаг дарга холбогдох байгууллагуудтай хэлэлцээд боломжийн гэж үзвэл үйл ажиллагааг нь дэмжих шийдвэр гаргадаг гэнэ.

Үүний дараа Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хүсэлт нь шилждэг байна. Хууль эрх зүй, санхүүгийн хувьд асуудалгүй бол хүүхдийн асрамжийн газар байгуулах эрхийг нь Хүүхдийн төлөө үндэсний төв өгдөг ажээ.

Харин асрамжийн газрууд нь жил бүр Хүүхдийн төлөө үндэсний төвөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авдаг байсан байна. Энэ жилээс хоёр жилээр сунгадаг шинэ журамтай болжээ.

Гадаадад

Асрамжийн газар байгуулна гэдэг тийм ч амар ажил шиг сонсогдохгүй байлаа.

Гадаадад бол асрамжийн газрын эзэд нь тухайн орны уугуул иргэд байх аж. Газрын хувьд жижигхэн, байгалийн баялаг гээд сүртэй гавиад байхаар зүйлгүй, олон хүн амтай Тайланд, Бирм, Уганда улсад хүүхдийн асрамжийн газар нь ямар байдаг талаар хэрэгт дурлалаа. Яагаад ч юм тэд хүүхдүүдээ албадан хөдөлмөр эрхлүүлдэг, өндөр хөгжилтэй орны иргэдэд үрчлүүлээд сууж байдаг гэсэн таамаглал дэвшүүллээ.

Гэтэл бодож байснаас эсрэгээрээ байсан юм. Тайланд, Бирм улсын хилийн зааг дээр байрладаг “Safe Haven” асрамжийн газрыг сонирхов. Асрамжийн газрын эзэн нь Тайланд эмэгтэй байх юм. Тус асрамжийн газар нь 50 орчим хүүхэдтэй. Хүүхдүүдийн аав, ээжүүд нь амь үрэгдсэн эсвэл орхиж явсан талаар ч мэдэж авав.

Хүссэн хүн бүхэнд тэдний асрамжийн газрын үүд нээлттэй байдаг тухайгаа цахим хуудаст илэрхийлжээ. Гадаадын зочид асрамжийн хүүхдүүдтэй хамтдаа 3-7 хоног хамт амьдарч болохоор тусгай хөтөлбөр гаргасан байх юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирж хүүхдүүдтэй хамт байж болох энэ санаа нь нэг талдаа асрамжийн газрын үйл ажиллагаа олонд нээлттэй байгаагийн илрэл гэж ойлгож болохоор. Нөгөө талаасаа асрамжийн газартаа хандивын мөнгө олж болох овсгоотой хэлбэр ч юм шиг. Хэрэв та хүүхдүүдтэй гурван өдөр хамт байхыг хүсвэл 200 орчим мянган төгрөг төлөхөд хангалттай. Үүнд өдрийн гурван хоол, байр, унааны зардал багтдаг гэнэ.

Харин долоо хонохийг хүсвэл 400 мянган төгрөг төлөх хэрэгтэй. Хүүхдүүдтэй хамт тоглож, хичээлийг нь хийлгэж цагийг зугаатай өнгөрөөж байгаа иргэд тэдэнд хандив өгөхгүй байна гэж бараг л байхгүй. Улс орны бодлого гэдэг ийм л нарийн байдаг байна. Бас болоогүй. Асрамжийн газрынхан “Хэрэв та манайд 30 ам.долларыг хандивлавал бид хүүхдүүддээ 45 кг сайн чанарын будаа авах боломжтой.

Харин 50 ам.доллар хандивлахад 60 хүүхдийн долоо хоногийн хэрэгцээг хангах жимс, жимсгэнэ авч өгөх болно” гэсэн нарийн тооцоо гаргасан байх юм. Гадаадын иргэдээс хандив авч байгаа юм чинь мэдээж хүүхдээ үрчлүүлдэг байх гэсэн бодол төрж байлаа. Гэтэл тэд асрамжийн газрын хүүхдүүдээ гадаадын иргэнд үрчлүүлдэггүй гэсэн хатуу журамтай аж.

Тайланд үндэстэн биш л бол хүүхэд үрчлэлийн талаар яриа байхгүй. Тайланд хүүхдийг тайланд хүнд л үрчлүүлэхийг тус асрамжийн газар хуульчилжээ.

Африкийн хэл, соёл, боловсрол тааруухандаа ордог Уганда улсын хүүхдийн нэгэн асрамжийн газрыг сонирхлоо. Угандагийн хойд хэсэгт төрж, өссөн нутгийн уугуул Анна гэх эмэгтэй “Atai” хэмээх асрамжийн газраа 2003 онд байгуулжээ.

Асрамжид нь 50 гаруй хүүхэд байдаг аж. Уганда улсын хүүхэд үрчилж авах хууль маш хатуу байдаг аж. Тэр дундаа гадаадын иргэнд үрчлүүлэх асуудал. Гадаадын иргэн Угандаагаас хүүхэд үрчлэхээр бол наад зах нь гурван жил нутагт нь амьдарсан байх шаардлага тавьдаг байна.

Дээрээс нь 36 сарын хугацаанд хүүхэдтэй ажилласан зэрэг олон зүйлийг биелүүлэх хэрэгтэй. Хэрэв АНУ-ын иргэн хүүхэд үрчлэх гэж байгаа бол заавал Засгийн газар түүнтэй холбоотой байгууллагаас хүүхэд үрчилж авахыг хүлээн зөвшөөрсөн бичиг баримтыг авчрах ёстой гэнэ.

Ухаад байвал үнэхээр бүх хууль, журам нь хүүхэд рүүгээ чиглэсэн, тэднийг хамгаалсан байх юм, Хүүхэд үрчиллээ гэхэд заавал гэрлэсэн хос байна. Ганц бие хүн үрчлэх гэж байгаа бол заавал эсрэг хүйсний хүүхэд үрчилж авах ёстой гээд тоочоод байвал барахгүй. Уганда улсын хүүхдүүд нь христ. католик, лалын шашин шүтдэг байна.

Тиймээс гадаадын сайн дурынхан ажилладаг асрамжийн газарт нь шашны нөлөөтэй сургалт явуулахгүй байхыг анхааруулсан байх юм. Дээрх асрамжийн газрууд санхүүжилтээ ихэвчлэн гадаадын орнуудаас авдаг ч хүүхэд үрчлүүлэх асуудалд хатуу ханддаг байна.

Урд хөршид хүүхдийн асрамжийн газар олон байдаг. Үүсгэн байгуулагч нь заавал хятад хүн байх юм. Гадаадын иргэн Хятадад асрамжийн газар байгуулна гэдэг тун хэцүү асуудал гэнэ.

Тэгэхээр хятад хүн харийнханд хүүхдүүдээ найдаад үлдээх бодол огт байдаггүй аж. Хятад захиралтай “Shepherd,s Feild” асрамжийн газар мөн л гадаадын буяны байгууллагаас санхүүждэг.

Гадаадын иргэн Хятадад хүүхдийн асрамжийн газар ажиллуулахад зөвшөөрөл авахад их хүнд байдаг талаар Германы иргэн Рут Эбенер хэлж байсан. Тиймээс тэрээр Монголд ирж хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эцэг, эхийг нь орлож сурч боловсроход нь анхаарч байгаа гэсэн юм.

Зураг